- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИМИЙН БОДИСООР БОХИРДСОН ШЛАМ,УЛ ХӨРСИЙГ СААРМАГЖУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр
Дугаар 127
Улаанбаатар хот
ХИМИЙН БОДИСООР БОХИРДСОН ШЛАМ,УЛ ХӨРСИЙГ СААРМАГЖУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Химийн хорт бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг саармагжуулах ажлыг удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Химийн хорт бодисоор бохирдсон шламыг зориулалтын цэг талбайд төвлөрүүлэх, дахин боловсруулалтад оруулах, үлдэгдэл хөрсийг булшлах, ул хөрсийг саармагжуулахад шаардагдах 1.392.209.250/ нэг тэрбум гурван ерэн хоёр сая хоёр зуун арван есөн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
(Энэ зүйлд 2008-224-р тогтоолоор өөрчлөлт орсон)
3. Химийн хорт бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг саармагжуулах зөвлөмж, технологийн үе шатыг боловсруулж 2008 оны 4 дүгээр сарын 15-ны дотор батлан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд бөгөөд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дарга Г.Шийлэгдамбад үүрэг болгосугай.
4. Химийн хорт бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг саармагжуулах ажлыг батлагдсан зөвлөмж, технологийн үе шат, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2008 оны II улиралд багтаан зохион байгуулж дуусгахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
5. Химийн хорт бодисоор бохирдсон хөрс, талбайг нөхөн сэргээх ажлыг 2008 оны III улиралд багтаан зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
6. Төв аймгийн Борнуур, Жаргалант сум дахь химийн хорт бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг саармагжуулах, булшлах, иргэдийг эрүүлжүүлэх болон бэлтгэл ажилд шаардагдах зардлыг төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ нарт даалгасугай.
7. Химийн бодисын бохирдол бүхий сумын иргэд болон саармагжуулах үйл ажиллагаанд оролцож байгаа албан хаагчдыг зохих үзлэг, шинжилгээнд хамруулж тэдний эрүүл мэндийн байдалд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэд даалгасугай.
8. Уул уурхайн салбарт хувиараа алт олборлож байгаа хүмүүст өөр төрлийн хөдөлмөр эрхлүүлэх боломжийг судалж, уг арга хэмжээнд шаардагдах зардлын талаар санал боловсруулж 2008 оны 4 дүгээр сарын 25-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг нарт даалгасугай.
9. Химийн бодисын хууль бус импорт, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтыг илрүүлэх зорилгоор сарын ажил зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нарт тус тус үүрэг болгосугай.
10. Энэ тогтоолын 9 дүгээр зүйлд заасан ажлын хүрээнд өөрт байгаа химийн хорт бодисыг сайн дурын үндсэн дээр мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн иргэдэд хариуцлага тооцохгүй байх, мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах талаар журам боловсруулж 2008 оны 4 дүгээр сараас эхлэн мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
