- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хилийн мэргэжлийн хяналтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 145
Улаанбаатар хот
Хилийн мэргэжлийн хяналтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Замын-Үүд, Сүхбаатар, Буянт-Ухаа болон бусад байнгын ажиллагаатай хилийн боомтуудаар нэвтэрч байгаа ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан хүн, мал, амьтны эрүүл мэнд, ургамлын эрүүл ахуй, бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор боомтуудад ажиллах улсын байцаагч, үйлчилгээний ажилчдын тоог нэмэгдүүлж түүнд шаардагдах цалингийн зардал болох 442.7 (дөрвөн зуун дөчин хоёр сая долоон зуун мянган) сая төгрөгийг Улсын мэргэжлийн хяналтын газрын 2008 оны төсвийн хуваарилалтад нь зохицуулалт хийх замаар арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
2. Олон улсын болон байнгын ажиллагаатай хилийн боомт дээр мэргэжлийн хяналт шалгалт гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай багаж, техник, хэрэгслээр хангах, орчин үеийн шинжилгээний лаборатори байгуулах, ажлын болон ахуйн байртай болгох, хурааж саатуулсан барааг хадгалах зориулалтын агуулах, хорио цээрийн байгууламж барих, тээврийн болон холбооны хэрэгслээр хангахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусган ээлж дараатай шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллахыг Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
