- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТУХАЙ (Бөөний сүлжээ)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 169
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТУХАЙ (Бөөний сүлжээ)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулга бүхий 212 дахь заалт нэмсүгэй:
"212. 5 дугаар үе шат 2008-2011 он
Энэ үе шатанд 1, 2, 3, 4 дүгээр үе шатанд хэрэгжүүлсэн арга хэмжээг үргэлжлүүлэн түүний үр дүнг дээшлүүлж, Төв, Дундговь, Дархан-Уул аймгуудад "Бөөний худалдааны сүлжээ" байгуулж, түүхий эд бэлтгэлийг биржийн тогтолцоонд шилжүүлэх, энэ ажилд бөөний худалдааны сүлжээнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг оролцуулах арга хэмжээг хэрэгжүүлж дууссан байна."
2. Хөтөлбөрийн 5 дугаар үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгасугай.
3. 2011 оныг дуустал хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгох замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
4. Хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр улсын төсвөөс олгосон зээлийн хөрөнгийг гэрээний дагуу хугацаанд нь төлүүлэх, хугацаа хэтэрсэн зээлийн өр болох 387,5 (гурван зуун наян долоон сая таван зуун мянга) сая төгрөгийг 2008 онд багтаан эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ
Текст томруулах
A
A
A
