A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 93

Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав:

1. Тендерийн урилга, үр дүнг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд (www.e-procurement.mn) цаг хугацаанд нь бүрэн тавьж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг нээлттэй, ил тод мэдээлж байсугай.

2. Захиалагч бүр жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагаанд хийсэн аливаа хяналт, аудитын тайлан, дүгнэлт, иргэд болон байгууллагаас гаргасан гомдлын тоо, агуулга, шийдвэрлэсэн байдлын талаар байгууллагын самбарт нийтэлж, нийтэд ил тод хүргэж байсугай.

3. Худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажилтнуудын мэдлэгийн түвшинг дээшлүүлэх болон худалдан авах ажиллагааны чиглэлээрх сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж байсугай.

4. Харьцуулалтын болон гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэхдээ хууль зөрчиж байгаа нийтлэг дутагдлыг арилгаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-д заасан босгон үнээс дээш өртөгтэй аливаа худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулж байсугай.

5. Захиалагч бүр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан захиалагчийн эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллан, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай бүрт мөн хуулийн 49.2-т заасан баримт бичиг, материалыг бүрдүүлж, архивын нэгж болгон хадгалж байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ