- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭРЛЭНБАЯН-УЛААНЫ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ НУТГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 6 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 165
Улаанбаатар хот
ХЭРЛЭНБАЯН-УЛААНЫ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ НУТГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны улсын тусгай хэрэгцээний газар нутгийг хамгаалах, бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах зорилгоор тус нутагт байрлаж байгаа нийт малчин өрх болон Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малыг нүүлгэн шилжүүлж, жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд мал оруулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нарт даалгасугай.
(1 дүгээр зүйлд 2009-12-11-ний өдрийн 367 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон).
2. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өөрсдийн хүчээр нүүх боломжгүй малчин өрхийг Хэрлэнбаян-Улааны улсын тусгай хэрэгцээний нутгаас нүүлгэн шилжүүлэх тээврийн зардалд зориулж 3.5 (гурван сая таван зуун мянган) сая төгрөгийг Сангийн сайдын төсвийн багцаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй. (2 дугаар зүйлд 2009-12-11-ний өдрийн 376 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон).
3. Хэрлэнбаян-Улааны улсын тусгай хэрэгцээний газар нутгаас нүүлгэн шилжүүлж байгаа малчин өрх болон байгууллагад бэлчээр хуваарилж, нийгмийн болон хүн, мал эмнэлгийн үйлчилгээ, бусад зохих дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Цаг агаарт зориудаар нөлөөлөх замаар Хэрлэнбаян-Улааны улсын тусгай хэрэгцээний газар нутагт орох хур тундасны хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
