- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛИЙН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 68
Улаанбаатар хот
ХУУЛИЙН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:
а) эрхэлсэн салбарын хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн төлөв байдалд судалгаа хийж, тэдгээрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ авах;
б) хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаалтнаар ахлуулан иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоо бүхий ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
в) яамныхаа бүтэц, орон тоонд багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн нэгж байгуулах арга хэмжээ авах;
г) хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажилд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, жил бүрийн төсөвтөө тусгаж байх.
2. Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, "Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах аргачлал"-ыг баталж мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, уг аргачлалыг мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нарт тус тус даалгасугай.
3. Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажилд шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж, олон улсын зээл, тусламж, төсөл арга хэмжээнд хамруулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус даалгасугай.
4. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах ажлын дүнг хагас жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
