A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ /10000 тн-ын багтаамжтай элеваторын байгууламжийг/

Дугаар 147

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 3, 6 дахь заалтууд, Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1997 онд байгуулагдсан 10000 тн-ын багтаамжтай элеваторын байгууламжийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны "Буудайн сан"-д шилжүүлсүгэй.

2. 10000 тн-ын багтаамжтай элеваторын байгууламжийг ашиглахад эхний ээлжинд шаардагдах 52.5 (тавин хоёр сая таван зуун мянган) сая төгрөгийн үнэ бүхий техник хэрэгсэл, хашаа, байрыг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх КР-1 төслийн санд "Ган тээрэм" хувьцаат компаниас төлөх төлбөрт тооцон тус компаниас гаргуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд тус тус даалгасугай.

3. 10000 тн-ын багтаамжтай элеваторын байгууламжийг цаашид үр ашигтай ашиглах, Хархорины бүс нутгийн үр тарианы үйлдвэрлэлийг сэргээх чиглэлээр тодорхой төсөл боловсруулан хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Батмөнх, Архангай аймгийн Засаг дарга Ж.Нэргүй нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ