A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 195

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БАНК БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Банкны тухай хуулийн 18.1, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.31-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай. (Дүрмийг 2011-05-11-ний 151-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2010 оны III улиралд багтаан зохих журмын дагуу эхлүүлж, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр банкны гүйцэтгэх удирдлагыг гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд тус тус даалгасугай./ЗГ-ын 2013-5-25-ны 192-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3. Хөгжлийн банкийг тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байраар хангах асуудлыг шуурхай шийдвэрлэж, банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг зохих журмын дагуу томилохыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР