- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТУХАЙ(ЕБС-ийн үдийн хоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 179
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТУХАЙ(ЕБС-ийн үдийн хоол)
Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий нэгжийг төсвийн багцдаа багтаан түр хугацаагаар ажиллуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт зөвшөөрсүгэй.
2. Аймгийн төв, сумын сургуулиудад үдийн хоолны үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2012 оны төсвийн жилээс эхлэн улсын төсөвт тусгаж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус даалгасугай.
3. Үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний үйлчилгээний техник, технологи, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахтай холбоотой шаардлагатай стандартуудыг боловсруулж батлуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.
4. Концессын тухай хуулийн хүрээнд Улаанбаатар хотод хоол, хүнсний загвар комбинат байгуулах уралдаант шалгаруулалтыг зарлан зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.
5. Хоол, хүнсний комбинат байгуулахтай холбогдуулан газрын асуудлыг хот төлөвлөлтийн бодлогод тусган шийдвэрлэхийг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A