- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУШ МОДНЫ САМРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 250
Улаанбаатар хот
ХУШ МОДНЫ САМРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, Ойн тухай хуулийн 11.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд худалдах, худалдан авах, тээвэрлэх болон хуш модны самар, түүний үр, бүтээгдэхүүнийг экспортлохыг 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар хориглосугай.
2. Хуш модны самрын ургацын байдалд урьдчилсан үнэлгээ хийж хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах талаархи бодлогыг тодорхойлох, ойн санд самар бэлтгэлийн хамгаалалттай бүс байгуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг 2011 оны IY улиралд багтаан баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт, энэхүү арга хэмжээг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт шалгалт хийж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
