- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗААГИЙГ ХЭСЭГЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (ЗГ-ын 2015 оны 289-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХИЛИЙН ЗААГИЙГ ХЭСЭГЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (ЗГ-ын 2015-7-7-ний өдрийн 289-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 174
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг"-ийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2014 оны 260, ЗГ-ын 2015 оны 130-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Р.Содхүү)-т тус тус даалгасугай.
3. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардлын хэмжээг тогтоох ажилд шаардагдах зардлыг тооцож Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах замаар хөрөнгийг нөхөн бүрдүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
