A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 180

Монгол Улсын хүн ам, байгаль орчны цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цөмийн энергийн комиссын харьяалалд улсын хэмжээнд цацрагийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Цацрагийн хяналтын албыг байгуулсугай.

2.Цацрагийн хяналтын алба байгуулагдсантай холбогдуулж Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албаны Цацрагийн хяналтын төв лаборатори, Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн Гадаад орчны цацрагийн хяналтын хэсэг, Улсын иргэний хамгаалалтын газрын Изотоп контор, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн Дозиметрийн лабораторийг Цөмийн энергийн комисст харьяалуулж, тэдгээрийн үндсэн хөрөнгө, төсөв, орон тоог тус комисст шилжүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Байгаль орчны сайд Ц.Адьяасүрэн, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Сангийн сайд П.Цагаан, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга Н.Баярмагнай нарт даалгасугай.

3.Цөмийн энергийн комиссын харьяалалд шинээр зохион байгуулагдаж ажиллах нэгжийн орон тоо, төсөв, цалингийн санг Сангийн сайдтай тохиролцон баталж үйл ажиллагааг эхлүүлэх, Цацрагийн хяналтын албаны дүрэм боловсруулж мөрдүүлэхийг Гэгээрлийн сайд, Цөмийн энергийн комиссын дарга Ч.Лхагважавт даалгасугай.

4.Цөмийн энергийн комиссын дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 389 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 93 дугаар тогтоолын 4 дүгээр заалтад заасан цацраг хэмжих багажийг шалгаж, баталгаажуулах лабораторитой холбогдох хэсэг, 12 дугаар заалт, Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хавсралтад заасан Цөмийн физикийн судалгааны төвд хамрагдсан Цөмийн цацрагийн хяналтын лабораторитой холбогдох хэсэг, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 54 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.