A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амыг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтний үүрэг, иргэд, уг вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эрх, үүргийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Хүн амыг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмолын хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "хүний дархлал хомсдолын вирус" гэж зөвхөн хүний биеийн дархлалын эсүүдийг гэмтээдэг вирус /ретровирус/-ыг;

3.1.2. "дархлалын олдмол хомсдол" гэж хүний биеийн дархлалын эсүүд гэмтэж, дархлалын тогтолцоо алдагдсанаар эмгэг, хам шинжүүд илрэхийг;

3.1.3. "хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх" гэж хүн амд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол тархахад нөлөөлж буй нөхцөл, шалтгааныг арилгах, тархалтыг бууруулах, халдвар дамжих замыг таслан зогсооход чиглэсэн цогц арга хэмжээг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ

ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ

УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

4 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

4.1. Засгийн газар хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хяналт тавих;

4.1.2. хүн амыг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх талаар төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

4.1.3. хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүмүүс эрхэлж болохгүй ажил, үйлчилгээг тогтоох.

5 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

5.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүн амыг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. хүн амыг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх асуудлыг боловсруулах, энэ талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой холбогдсон албан ёсны мэдээ, мэдээллийг хариуцах;

5.1.3. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг бусдад халдаахгүй байх талаар уг вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүн болон түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөгөө, зааварчилгаа өгөх журмыг батлах.

6 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

6.1. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амыг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх, энэ талаархи сургалт, сурталчилгааны ажилд иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг оролцуулах, уг вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна.

6.2. Бүх шатны Засаг дарга хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

7 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын үүрэг

Хэвлэх

7.1. Эрүүл мэндийн байгууллага хүн амыг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх талаар дараахь үүрэгтэй:

7.1.1. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх, магадлах, уг вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийг эмчлэх арга хэмжээ авах;

7.1.2. хариуцсан нутаг дэвсгэртээ оршин суугаа бөгөөд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүн уг вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг бусдад халдаахгүй байх талаар түүнд болон түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөгөө, зааварчилгаа өгөх ажлыг зохион байгуулах;

7.1.3. зүү, тариур болон эмнэлгийн бусад багаж хэрэгслээр хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

7.1.4. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх шинжилгээ хийж баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, донорын эд эрхтэнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй байх.

7.2. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүн өөртөө хяналт тавих чадваргүйгээс энэ хуульд заасан үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд түүнийг тусгаарлаж эмчилнэ.

7.3. Энэ зүйлийн заалт өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад нэгэн адил үйлчилнэ.

8 дугаар зүйл. Эмч, эмнэлгийн мэргэжилтний үүрэг

Хэвлэх

8.1. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүн амыг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх талаар дараахь үүрэгтэй:

8.1.1. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлсэн, оношилсон тухайгаа харьяалах эрүүл мэндийн байгууллагад зохих журмын дагуу заавал мэдээлэх;

8.1.2. хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүн биеэ хэрхэн авч явах, уг вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг бусдад халдаахгүй байх талаар түүнд болон түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөгөө, зааварчилгаа өгөх;

8.1.3. хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүнд эмнэлгийн зайлшгүй тусламж үзүүлэхээс татгалзахгүй байх.

8.2. Энэ хуулийн 7.1.3-д заасан үүрэг эмч, эмнэлгийн мэргэжилтэнд нэгэн адил хамаарна.

9 дүгээр зүйл. Иргэний эрх, үүрэг

Хэвлэх

9.1. Монгол Улсын иргэн дараахь эрхтэй:

9.1.1. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх үзлэг, шинжилгээ, халдвар судлалын хяналт хийж байгаа этгээдээс уг үзлэг, шинжилгээ, хяналтыг хийх эрхтэй болохыг нь нотлох албан ёсны баримт бичгийг шаардах;

9.1.2. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх, магадлах эмнэлгийн үзлэг, шинжилгээнд сайн дураар хамрагдах;

9.1.3. хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын талаар үнэн зөв, бодит мэдээлэл олж авах, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос урьдчилан сэргийлэх аргад суралцах.

9.2. Монгол Улсын иргэн дараахь үүрэгтэй:

9.2.1. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох;

9.2.2. хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх.

9.3. Энэ зүйлийн заалт тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон дамжин өнгөрөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.

10 дугаар зүйл. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах

Хэвлэх

10.1. Хуульд өөрөөр заагаагүй бол хүний дархлалын олдмол хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эрх, эрх чөлөөг хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой гэсэн үндэслэлээр хязгаарлахыг хориглоно.

10.2. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглоно.

10.3. Албан тушаалтан, иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийн талаарх мэдээллийг задруулахыг хориглоно.

11 дүгээр зүйл. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний үүрэг

Хэвлэх

11.1. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүн дараахь үүрэгтэй:

11.1.1. хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болсон нөхцөл, шалтгааны талаар эрүүл мэндийн байгууллагад үнэн зөв мэдээлэл өгөх;

11.1.2. эрүүл мэндийн байгууллагын шаардлагын дагуу заасан хугацаанд эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгэх;

11.1.3. эмнэлгийн тусламж авах бүртээ хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой тухайгаа эрүүл мэндийн байгууллагад заавал мэдэгдэх;

11.1.4. цус, бусад эд, эрхтэний донор байхаас татгалзах;

11.1.5. халдварыг бусдад тараахгүй байх, тарааж болох аливаа үйлдлээс татгалзах, өөрийгөө болон бусдыг хамгаалах;

11.1.6. эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтнээс өгсөн зөвлөгөө, зааварчилгааг чанд сахин биелүүлэх;

11.1.7. хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон бол энэ тухайгаа өөрийн эхнэр /нөхөр/, хамтран амьдрагчид нэн даруй мэдэгдэх.

11.2. Гадаадад оршин сууж байсан Монгол Улсын иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болсон бол Монгол Улсад орж ирэхдээ улсын хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагад энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй.

11.3. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон гадаадын иргэн Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс зайлсхийвэл түүнийг хууль тогтоомжид заасны дагуу тус улсаас албадан гаргана.

12 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн болон шашны байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо

Хэвлэх

12.1. Хэвлэл, мэдээллийн болон шашны байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, тэмцэх талаар хүн амын дунд зохиох сургалт, сурталчилгааны ажилд оролцоно.

13 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

13.1. Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга гэм буруутай этгээдэд дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

13.1.1. энэ хуулийн 7.1.3-ыг зөрчсөн бол аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг 20000-50000 төгрөгөөр торгох;

13.1.2. энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлээгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг 20000-50000 төгрөгөөр торгох;

13.1.3. энэ хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн бол иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 40000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

13.1.4. энэ хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн бол иргэнийг 20000-50000 төгрөгөөр торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР