- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР ХЭРЭГЖЇЇЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоо

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР ХЭРЭГЖЇЇЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2007 оны 06 сарын 28 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 46
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Агаарын бохирдлыг бууруулах талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн жагсаалтыг 1 дүгээр, Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Агаарын бохирдлыг бууруулах талаар дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:
2.1.Дараахь асуудлыг боловсруулж дор дурдсан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх:
а/тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2007 оны намрын чуулганд;
б/Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамж, хамрах хүрээг өргөжүүлж, орон сууцаар хангах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон түр суух 1000 айлын орон сууц барих, 2007 онд багтаан гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, эхний ээлжинд 10 байрлалд орон сууц барих, гэр хорооллыг барилгажуулахад зарцуулах хөрөнгийн асуудлыг Улсын Их Хуралд яаралтай;
в/Улаанбаатар хотод түлшний зориулалттай түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, дэд бүтэц, үйлдвэрлэлийн техник, технологийн чадавхи, ажиллах хүчний нөөц боломжид түшиглэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, чанар, стандартын шаардлага хангасан, дулааны аргаар боловсруулсан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчдийг хангах төсөл, арга хэмжээний саналыг 2007 оны 10 дугаар сарын 1-ний дотор;
г/дулаан, цахилгааны шинэ эх үүсвэрийг барих техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан байршлыг нь оновчтой тогтоож, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг 2007 онд багтаан.
2.2.дулааны цахилгаан станцуудыг дотоод хяналт-шинжилгээний хэрэгсэл, утаа болон бохирдуулагч бодис шүүх тоног төхөөрөмжөөр хангах, станцуудаас агаарт гаргах хаягдлын зөвшөөрөгдөх хэмжээний стандартыг шинэчлэн тогтоож, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2.3.төсвийн байгууллагын халаалтын нам даралтын зууханд улсын төсвийн хөрөнгөөр, хувийн эзэмшлийнхэд урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус тус технологийн шинэчлэл хийх, тэдгээрийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системд холбох, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудын үйл ажиллагааг 2008 оноос эхлэн зогсоох;
2.4.авто тээврийн хэрэгслээс ялгарах утааны бохирдлыг бууруулах талаар үе шаттай арга хэмжээ авах, эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх, шатахуун бага зарцуулдаг болон эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй түлш хэрэглэдэг автомашины хэрэглээг дэмжих, стандартын шаардлага хангаагүй автомашин эзэмшигчдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, шатахууны чанарыг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох, автомашины ашиглагдсан хуучин дугуйг импортоор оруулахыг хориглох, хотын төв болон гэр хорооллыг холбосон замыг хатуу хучилттай болгох арга хэмжээ авах;
2.5.дулааны зориулалтаар шөнийн цагаар хямд үнэтэй цахилгаанаар гэр хорооллыг хангах, гэр сууцны дулаан хадгалах чадварыг нэмэгдүүлэхэд нийцүүлэн гэрийн бүтэц, хийцийг оновчтой болгон өөрчлөх арга хэмжээг шинжлэх ухааны байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх;
2.6.агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын санал санаачлага, дэвшилтэт технологи боловсруулах, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд татварын болон санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх, хотын ногоон байгууламжийг өргөтгөж, хог хаягдлын менежментийг сайжруулах;
2.7.агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн албаны чадавхийг бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, судалгааны нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийх болон лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
2.8.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн болон Засгийн газрын бонд гаргах асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
2.9.Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй тодорхой хэсэгт эрсдлийн үнэлгээ хийсний үндсэн дээр нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах талаар холбогдох арга хэмжээ авах,
2.10.агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрт бүх аймгийн төвийг хамруулах;
2.11.агаарын бохирдлыг бууруулах стратегийн зорилтын хүрээнд бүс, аймгийн төвүүдэд шинээр ажлын байр бий болгох, хөдөө орон нутгийн зах зээлийн орчин нөхцөлийг сайжруулах талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудыг бий болгож хөгжүүлэх, тэдгээрийг холбосон хурдны зам, метро байгуулах урьдчилсан тооцоо судалгаа хийх, аймгийн зэрэглэлтэй хотуудыг улсын зэрэглэлтэй хот болгох эрх зүйн орчин бүрдүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөөт бүс болгох, дэд бүтцийг нь хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх;
2.12.агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал, мэдээллийг хүлээн авах, бохирдлын хор уршиг, сөрөг үр дагаврыг арилгах, шинэ дэвшилтэт технологийн ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр сурталчлах, энэ чиглэлээр явуулах сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэх.
3.Гэр хорооллын дэд бүтцийг бий болгох, орон сууцжуулах болон бусад үйл ажиллагаанд шаардагдах улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг 2007-2010 онуудад жилд 50.0 тэрбум төгрөгөөс багагүй байхаар тогтоож, жил бүрийн улсын төсөвт тусгахын зэрэгцээ хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламж, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх арга хэмжээ авсугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг Байнгын хорооны хуралдаанаар хагас жил тутам хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Я.Санжмятав/, Төсвийн байнгын хороо /Ч.Улаан/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
