- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 21
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дараахь арга хэмжээ авахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах оновчтой хувилбарыг сонгон, саналаа Улсын Их Хуралд 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулах;
2/энэ тогтоолын 1 дэх заалтын 1-д заасан оновчтой хувилбарыг сонгохдоо хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсын хэмжээнд хэрэглэгддэг орчин үеийн технологийг сонгох;
3/зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга, хэлбэрийг тодорхойлох;
4/зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг 2011 оны эхний хагас жилд багтаан хангах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
