A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Засгийн газарт үүрэг өгөх тухай

1999 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 51

Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралтын ОХУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид хаяглаж илгээсэн захидлын тухай асуудлыг хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь:

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралтаас Монгол Улсын хууль, төрийн албан хэргийн хөтлөлтийн журам зөрчиж 1999 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ОХУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид илгээсэн захидал нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулахуйц үйл ажиллагаа болсон байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай:

1/Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн ОХУ-ын өмчлөлд ногдох хувийн хувьчлал нь "Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны тухай" Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1991 оны хэлэлцээрийн хорин нэгдүгээр зүйлийн "Хэлэлцэн тохирогч Тал тус бүр Хамтарсан үйлдвэрийн Дүрмийн сан дахь хөрөнгийн өөрт ногдох хэсгийг хэлэлцэн тохирогч нөгөө Талтай зөвшөөрөлцсөнөөр сонирхогч бусад Талуудад бүрэн хэмжээгээр, эсвэл хэсэгчлэн худалдах эрхтэй. Тэгэхдээ энэхүү хөрөнгийг худалдан авах давуу эрхийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талд олгоно." гэсэн заалттай нийцэж явагдсан байх ёстой гэсэн Монгол Улсын өмнөх Засгийн газруудын баримталж байсан байр суурь хэвээр байгааг дахин нотолж, ОХУ-ын Засгийн газар, холбогдох байгууллагуудад нэн яаралтай мэдэгдэх;

2/энэ тогтоолын 1 дэх хэсэгт даалгасныг хэрхэн хэрэгжүүлсэн талаар Улсын Их Хуралд 1999 оны 7 дугаар сарын 19-ний дотор танилцуулах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Да.Ганболд/-нд даалгасугай.

З.Энэ тогтоолыг 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ