- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Өмгөөллийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 2.1-д заасан "…өмгөөлүүлэх эрхийг хангахтай холбогдсон хууль тогтоомжийн бусад акт…" гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Гадаад худалдааны арбитрын тухай, Төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиуд болон бусад хууль, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын тогтоолыг хамааруулан ойлгоно.
2. Хуулийн 3.1.2-т заасан "өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох" зарчмыг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа хүсч буй этгээдийн эрхтэй холбон ойлгож, өмгөөлүүлэхийг хүсч буй аливаа этгээд энэ хуулийн 5.1-д зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүмүүсээс хэнээр өмгөөлүүлэхийг өөрөө чөлөөтэй сонгон авахыг хэлнэ. Харин тухайн сонгож авсан өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон, эсвэл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар тухайн өмгөөлөгч түүнийг өмгөөлөх боломжгүй бол өмгөөлүүлэх хүсэлтэй этгээд өөр өмгөөлөгчийг сонгох, сонгон авч чадаагүй бол энэ хуулийн 13.3-т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон шүүх, прокурорын байгууллага энэ тухай Өмгөөлөгчдийн холбоо, түүний аймаг, нийслэлийн салбар зөвлөлд мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авах үүрэгтэй.
3. Хуулийн 3.1.3-т заасан "өмгөөллийн үйл ажиллагаа төрийн ивээлд байх…" гэдэг нь Монголын өмгөөлөгчдийн холбоо нь энэ хуулийн 6.1-д зааснаар төрийн бус байгууллага хэдий ч өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэний үндсэн эрх тул уг эрхийг шууд хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа хууль зүйн дагуу явагдахад туслалцаа дэмжлэг үзүүлэх, аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс өмгөөллийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх баталгааг төр хангахыг хэлнэ.
4. Хуулийн 5.1-д "…ял шийтгэлгүй…" гэж заасныг урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, эсвэл ял шийтгүүлж байсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78.2-т зааснаар ялгүй болсныг тус тус ойлгоно.
5. Хуулийн 12.2.2-т заасан "өмгөөлж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдолтой тэдгээрийн байгаа газарт чөлөөтэй нэвтрэн орж, ганцаарчлан уулзах" өмгөөлөгчийн эрх нь өөрийн өмгөөллийн дор байгаа этгээдийн санал, бодлыг биечлэн сонсох, өмгөөллийн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахын тулд үйлчлүүлэгчтэйгээ саадгүй, хөндлөнгийн оролцоо, хяналтгүйгээр уулзах боломжийг тодорхойлж байгаа юм. Гагцхүү энэ эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгч тухайн байгууллага, газрын дотоод журмыг дагаж мөрдөх, өөрийн бүрэн эрхийг нотлох бичиг баримт, итгэмжлэл, томилолтыг эрх бүхий албан тушаалтанд үзүүлж шалгуулсан байх шаардлагатай.
6. Хуулийн 12.5-т заасан "…аливаа зүйлийг…" гэдгийг хуулиар хориглосон аливаа зүйл гэж ойлговол зохино.
7. Хуулийн 13.2-т заасан үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Өмгөөлөгчдийн холбоо өөрийн аймаг, нийслэлийн салбар зөвлөлүүдийн хаяг, нийт өмгөөлөгчдийн нэр, хаягийг тусгасан лавлагааг жил бүр шинэчлэн энэ зүйлд нэрлэж заасан байгууллагуудад өгсөн байх үүрэгтэй.
8. Хуулийн 18.1-18.3-т зааснаар өмгөөлөгчийн өмгөөллийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, 18.4-т зааснаар уг зөвшөөрлийг сэргээсэн тохиолдол тус бүрд Өмгөөлөгчдийн холбоо энэ тухай хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагад бичгээр мэдэгдэж байх ёстой.
9. Хуулийн 21.1-д заасан "Төлбөрийн чадваргүй иргэн …" гэдэгт тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, ахмад настан, тахир дутуу хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/, нэн ядуу амьдралтай иргэн зэргийг хамааруулна.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
О.ЗАНДРАА
Текст томруулах
A
A
A
