- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН АКТУУДЫН ЗАРИМ ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг УДШ-ийн 2002-03-25-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1996 оны 06 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 167
Улаанбаатар хот
ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН АКТУУДЫН ЗАРИМ ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
/Энэ тогтоолыг УДШ-ийн 2002-03-25-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль, хүн амын орлогын албан татварын хуулийн зарим зүйлийн заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:
1.Монгол улсын Татварын ерөнхий хууль /цаашид "ху;уль" гэх/-ийн 5 дугаар зүйлд заасан "Татвар төлөгч" байгууллага гэдэгт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татварын алба болон түүнээс бусад бүртгэх байгууллагад бүртгүүлсэн, уул хуулийн 7 дугаар зүйл болон тодорхой төрлийн татварын хуулиар тодорхойлсон татвар ногдох зүйл, тухайлбал орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа нөхөрлөл, компани, хоршоо зэрэг аж ахуйн нэгж, төр, олон нийт, шашны байгууллага сан зэргийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамааруулан ойлгоно. Тэгэхдээ татварыг тухайн татвар төлөгч байгууллагын зөвхөн татвар ногдох зүйлд оногдуулах бөгөөд харин ашгийн төлөө бус олон нийтийн болон шашны байгууллага, сангаас өөрийн дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангахад зориулан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж олсон орлогын тэр хэсгийг татвар ногдуулах орлогод тооцохгүй.
2.Хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "…үл маргах журмаар гаргуулна" гэдэгт татвар төлөгчийн хуульд буюу татварын байгууллагын заасан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгуулийн төлбөрийг түүний банкин дахь мөнгөн хөрөнгөнөөс татварын байгууллагын шийдвэрээр татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр гаргуулан авахыг, хэрэв татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгө нь татвар, алданги, торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй байвал уг данснаас гаргах шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансанд орох орлогоос гаргуулан авахыг ойлгоно.
3.Хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "тогтоосон хугацаа" гэдэгт тухайн татварыг төлж дуусгасан байх талаар хуульд заасан буюу татварын албаны эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тусгайлан тогтоосон хугацаа хамаарна.
4.Хуулийн 10 дугаар зүйлийн 6 дугаар заалтын "бусдадолгосон хөдөлмөрийн хөлс" гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс бэлэн буюу бэлэн бусаар бусад иргэнд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогыг, мөн энэ зүйл, хэсэгт заасан "шилжүүлсэн орлого" гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс зохиогчийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон бусад гэрээний дагуу бусдадолгохоор бэлэн буюу бэлэн бусаар шилжүүлсэн татвар ногдох цалин хөлс, төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлогыг тус тус ойлгоно.
5.Хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан "…татварын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үзүүлэлт" гэдэгт Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр тогтоосон тухайн үед дагаж мөрдөж байгаа үзүүлэлтүүд хамаарна.
6.Хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтын "…жишгээр татвар ногдуулах" гэдгийг татвар төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээ бусад үйл ажиллагааныхаа баримтыг бүрдүүлээгүй, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл баримт, бүртгэл, татварын тайланг татварын албанд гаргаж өгөөгүй тохиолдолд тухайн татвар төлөгчийн төлбөл зохих татварын хэмжээг татвар төлөөгүй хугацааны өмнө буюу хойно явуулж байсан үйлдвэрлэл, үйлчилгээ бусад үйл ажиллагаанд холбогдох баримт бүртгэл тооцоог, эсхүл татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адил үйлдвэрлэл, үйлчилгээ буюу үйл ажиллагааг тухайн буюу ойролцоо орон нутагт эрхэлж буй нэг буюу хэд хэдэн татвар төлөгчийн холбогдох баримт, бүртгэл тооцоонд үндэслэн тогтоохыг ойлгоно.
7.Хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын "…татварын хууль тогтоомж ноцтой зөрчсөн" гэдэгт татварын хууль тогтоомжийг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн, хуурамч гэрээ хэлцэл, бичиг баримт үйлдж татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан, бууруулж мэдээлсэн, түүнчлэн татварын алба, байцаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлэн татварын хууль тогтоомжид заасан бусад үүргээ биелүүлээгүйгээс урьд нь Татварын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авагдсан этгээд дахин энэ төрлийн зөрчил гаргахыг ойлговол зохино.
8.Хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "… албан үүргээ гүйцэтгэж байхдаа" гэдэгт ажлын үндсэн байрандаа буюу бусад газарт ажлын буюу илүү цагаар албан томилолт, удирдлагын даалгавраар татварын хууль тогтоомжид заасан албаны үүргээ гүйцэтгэж байсан, түүнчлэн албан ажилдаа ирэх болон ажлаасаа харих хугацаа хамаарна.
9.Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтын "засварын зардал" гэдгийг "үндсэн хөрөнгийн бйдлыг хэвийн байлгах, сайжруулах зорилгоор тусгай зураг төсөлтэйгээр хийсэн засварт зарцуулсан, түүнчлэн зарим хэсэг, хийц, эд ангийг солих, өнгөлөх, арчлан хамгаалах, эдэлгээг уртасгахад зориулан гаргасан зардлыг ойлгоно. Мөн зүйл, хэсэг, заалтын "сэлбэг хэрэгсэл" гэдэгт машин техник тоног төхөөрөжийг ашиглах явцад гаргасан эвдрэл, гэмтлийг тусгай зураг төсөвгүйгээр засварлах, сэлбэх, солих замаар тэдгээрийн хэвийн ажиллах нөхцөлийг хангахад чиглэгдэн хэрэглэсэн эд анги бүхэлдээ буюу зарим хэсэг хамаарна.
10.Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З дугаар заалт, Хүн амын орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дүгээр заалтын "үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө оруулалт" гэдэгт үндсэн фондыг шинэчлэх, өргөтгөх, шинээр бий болгохоор зориулалтаар оруулсан хөрөнгө оруулалтыг "ажлын байр бий болгох зориулалттай хөрөнгө оруулалт" гэдэгт ажлын байрыг шинээр бий болгох, нэмэгдүүлэх зорилготой дээр дурдсанаас бусад хөрөнгө оруулалтыг тус тус хамааруулан ойлгоно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ДАНЗАНДОРЖ
Текст томруулах
A
A
A
