- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗАРИМ АКТЫН ЗҮЙЛ ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1993 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 49
Улаанбаатар хот
1.Монгол улсын татварын ерөнхий хуулийн 13-р зүйлийн нэг дэх хэсгийн 1,2-д заасан "татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйл нуусан" гэдэгт уг орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлсийг биетээр нуун дарагдуулах, үндэслэлгүйгээр бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шилжүүлэх, нягтлан бодох бүртгэл,тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, нягтлан бодох бүртгэлд санаатайгаар бичилт буруу хийх эсхүл хууль бус хэлцэл хийж хууран мэхлэх, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, түүнчлэн баримт бичгийг татвар төлөхгүйн тулд хуурамчаар үйлдэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй нэгэн адил хамаарна.
2.Энд заасан "татвар ногдох орлого,орлогоос бусад татвар ногдох зүйлийг санаатайгаар бууруулсан" гэдэгт татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо, хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл,тайлан мэдээ, татвар тодорхойлох хуудсанд санаатай багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх, зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах зэрэг үйлдлийг ойлгоно.
4.Хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "татвар , торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацааг" тухайн төрлийн татварыг төлж дууссан байвал зохих эцсийн өдрийн дараа өдрөөс эхлэн хуанлийн өдрөөр тоолно.
5.Хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын "татвар хүү,торгууль төлөхөөс зайлсхийсэн"гэдэгт тухайн татварын албанд мэдэгдээгүй, нягтлан бодох бүртгэлийн болон тайлан тэнцэл, татварын тайлан мэдээ, татвар тодорхойлох хуудсыг удаа дараа гаргаж өгөөгүй, татварын алба болон байцаагчийн дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байх зэргийг хэлэх бөгөөд энд заасан зөрчил гаргасан албан татвар төлөгчид Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 10-ын "г"-д заасан "хүчингүй гэрээ хэлцэл"гэдэгт утга агуулгаараа хууль зөрчсөн буюу хуулиас гадуур хийгдсэн, бага насны хүүхэд,сэтгэл мэдрэлийн өвчтэй буюу ухаан солио учир эрх олох, үүрэг бий болгох чадваргүй этгээдтэй хийсэн хэлцэл, мөн төөрөгдлөөс ,айлган сүрдүүлэх буюу аргагүй гачигдлыг далимдуулан хийсэн хэлцлүүд хамаарна. Энд заасан "хуурамч гэрээ,хэлцэл" нь хууль ёсны үр дүн гаргахын тулд биш зөвхөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна.
7.Мөн хэсэгт заасан "хууль бус үйлдлээр олсон орлого"гэдэг аж ахуйн нэгжийн тухай,татварын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж олсон орлогыг хамааруулна.
8.Дээрх зүйл,хэсгийн "1"-ийн "саад учруулсан"гэдэгт татварын албаны байцаагч албан үүргээ гүйцэтгэж байхад нь шаардлагатай санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийн болон тайлан тэнцэл, татварын тайлан мэдээг гаргаж өгөхгүй байх, байр агуулахад нэвтрэн орохыг зөвшөөрөхгүй байх, тооллого тооцоог будлиантуулах түүнчлэн үзлэг шалгалт, ажлын зураг авалтыг хийлгэхгүй байх зэрэг санаатай үйлдэл эс үйлдэхүйг ойлговол зохино.
9. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь зөвхөн албан татвар төлөгч байх бөгөөд түүнд татвар төлөгч иргэн, түүнчлэн Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгж байгууллагын эрх баригч, нягтлан бодогч нар байна.
10. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан "албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх" гэмт хэрэг нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д заасан ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу санаатайгаар бууруулсан, түүнчлэн албан татвар төлөхгүй оргон зайлах үйлдлээр илэрнэ.
11. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан "Албан татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө буюу ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлснээ нуух" гэсний "нуух" гэдэг нь үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө буюу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, тэдгээрээс олсон орлогоо данс, бүртгэл, татварын мэдээ, тайлан тэнцэл, иргэний орлого татвар тодорхойлох хуудсанд тусгахгүй байх, татвараас зайлсхийх зорилгоор шилжүүлэх, данс, тооцооны болон бусад аргаар далдлах, татварын тооцоо хийхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, устгаж үгүй болгох, тэдгээрийг хуурамчаар үйлдэх, зохих зөвшөөрөлгүйгээр бусдын нэр, хаяг, баримт бичиг, түүний дотор аж ахуйн нэгжийн гэрчилгээ болон зөвшөөрлийг ашиглан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг ойлгоно.
12."Мөн зүйл, хэсгийн … тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх" гэдэгт нягтлан бодох данс, бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, иргэний орлого, татвар тодорхойлох хуудсанд татвар ногдох орлого, эд хөрөнгө, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнийхээ тоо хэмжээг санаатайгаар бууруулан тусгаж татварын албанд мэдээлсэн эсвэл мэдээлэхээр завдсан үйлдлийг ойлгоно.
16.Хэрэв албан татвар төлөгч нь 1500000 төгрөг хүрэхгүй хэмжээний албан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу санаатайгаар бууруулсан бол татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2-дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
17. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаас тусгайлан авч үзэж "орлого, эд хөрөнгө буюу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ"-гээр хязгаарласан бөгөөд харин "Эд хөрөнгө"-д татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан "бараа" гэсэн ойлголт багтана.
18.Энэ зүйлд заасан "оргон зайлах" гэдэгт энэ тогтоолын хоёр дахь хэсгийн 1-д заасан татвар төлөгч-иргэн, албан тушаалтан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байнга оршин суугаа газартаа /хаягтаа/ амьдрахгүй байх, албан тушаалын үүргээ биелүүлэхгүй орхих зэргээр тухайн албан татварын тайлан гаргах хугацаа өнгөрч дараагийн тайланг гаргах хугацаа хүртэл татварын алба, байцаагчаас нуугдан явах идэвхтэй үйлдэл байхыг ойлгоно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ
Текст томруулах
A
A
A
