- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА,НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ,ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА,НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ,ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 8 сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 23
Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар (П.ЖАСРАЙ)-т даалгасугай:
1)аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг нэгбүрчлэн буюу нэг маягаар тогтоох асуудлыг 1992 оны 9 дүгээр сард оныхоо төсөвт багтаан шийдвэрлэх;
2)орон нутгийн Хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг томилох, тэдгээрийн тамгын газрыг эмхлэн байгуулах ажлыг энэ оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулах;
3)хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;
4)энэ хууль батлагдсантай холбогдуулан хүчингүй болгох хууль тогтоомжийн жагсаалтыг гарган Улсын Их Хурлын 1992 оны намрын чуулганд оруулах.
2.Зохих хууль тогтоомж батлан гаргах хүртэл баг, хороо байгуулахад баримтлах үндэслэлийг 1992 оны 9 дүгээр сарын 5-ны дотор гаргахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.
3.Засгийн газраас тогтоосон үндэслэлийг баримтлан баг, хороог 1992 оны 9 дүгээр сард багтаан байгуулахыг аймаг, нийслэлийн Ардын Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу аймаг, нийслэл,сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг товлон зарлаж бэлтгэн явуулахыг орон нутгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдэд зөвшөөрсүгэй.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хурал, захиргааны байнгын хороо (н.Дашцэдэн)-д даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
