A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1993 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 15

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу шүүхүүдийг байгуултал Улсын дээд шүүх, аймаг, хот, хэсэг, районы болон тусгай шүүхүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж байхаар тогтоосугай.

2.Тухайн шүүгчийг чөлөөлөх талаар Ерөнхийлөгчийн шийдвэр гараагүй бол Монгол улсын Шүүхийн тухай хуулийн дагуу шүүгчдийг томилогдтол бүх шатны шүүхэд ажиллаж байгаа шүүгчид шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсугай.

3.Энэ хуулийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдсон зүйл, заалтыг тухайн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн баталж хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөхгүй байхаар тогтоосугай.

4.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааны заалтуудыг буцааж хэрэглэхгүй байхаар тогтоосугай.

5.Шүүхийн ерөнхий зөвлөлд сонгогдох шүүгчдийг бүх шатны шүүхийн одоогийн бүрэлдэхүүнээс нэр дэвшүүлэн Улсын дээд шүүхийн хуралдаанаас сонгохыг зөвшөөрсүгэй.

6.Шүүхийн ерөнхий зөвлөл үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхлэх хүртэл Улсын дээд шүүх, Хууль зүйн яам, тэдгээрийн харьяа байгууллагууд шүүхийн зохион байгуулалтын удирдлага, тогтоол гүйцэтгэлийн талаархи бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байсугай.

7.Монгол улсын шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг сарын хугацаанд багтаан Хууль зүйн яамны шүүхийн зохион байгуулалтын удирдах газар, тогтоол гүйцэтгэлийн албыг төв, орон нутагт ажиллаж буй холбогдох ажилтны орон тоо, төсөв, хөрөнгийн хамт шилжүүлэн хүлээлцэхийг Монгол Улсын Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

8.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу шүүхүүдийг байгуулах тухай саналаа 1993 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барихыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

9.Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдаж хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан энэ тогтоолын хавсралтад заасан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, БНМАУ-ын Бага Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ