- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль батлагд
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 57
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/бүх шатны төсөвт байгууллагын үйл ажиллагаанд арвилан хэмнэлтийн зарчмыг баримталж, төсвийн сахилга батыг эрс сайжруулан, өр, авлага үүсгэхгүй байх, өртөг зардлыг хямдруулах, үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааг бүх талаар дэмжин, байгууллагын бүтэц, орон тоог нэмэгдүүлэхгүй байх;
2/2012 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж дуусгасан байх;
3/хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны олон талын харилцаа /удирдлага, зохицуулалт, техник-технологийн сонголт/-ны зохицуулалтыг оновчтой болгох, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтан шууд хариуцдаг байх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр шаардлагатай хуулийн төслийг боловсруулан 2012 оны эхний хагас жилд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
4/Засгийн газрын шугамаар, гадаад, дотоодын эх үүсвэрээр улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын бүртгэл, мэдээлэл, тайлагнал, бодит гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хийх механизмыг бүрдүүлэх;
5/хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээг хийж хэвших асуудлыг судлан тодорхой санал боловсруулж танилцуулах, уг судалгаа шинжилгээний ажилд Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг зарцуулах арга хэмжээ авах;
6/татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулан, төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг биелүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
7/уул уурхайн салбарын татварын орчинд үнэлгээ хийж, татварын хууль тогтоомжийг хэрэглэхэд ойлгомжтой болгох чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
8/иргэн бүрд 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 1.0 сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх асуудлыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор шийдвэрлэх;
9/"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхлэх өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа уг компанийн хувьцааг зөвхөн Монгол Улсын Засгийн газар нэрлэсэн үнээр нь худалдан авах, Засгийн газар үндэсний аж ахуйн нэгжүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны 10 хүртэлх хувийг нэрлэсэн үнээр санал болгож худалдах ажлыг зохион байгуулах;
10/Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд Үндэсний аудитын газраас өгч байгаа зөвлөмжийг хэрхэн тусгаж, хэрэгжүүлсэн тухай тайланг 2012 оны эхний хагас жилд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах, төсвийн хууль зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоож, холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох;
11/тэтгэврийн шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүн амын насжилтаас үүдэн бий болох ирээдүйн зардлыг санхүүжүүлэх зориулалтаар уул уурхайн орлогын тодорхой хувиар хуримтлалын сан байгуулахтай холбоотой хуулийн төслүүдийг боловсруулан 2012 оны эхний хагас жилд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
12/Монгол Улсад түүхий эд нь байдаг барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, төмөр хийц зэрэг материалаар өөрийн орны өнөө ба ирээдүйн хэрэгцээг хангах, цаашид экспортлох зорилгоор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого, Замын-Үүдийн болон бусад гол боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулж 2012 оны эхний хагас жилд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтанд гүйцэтгэлийн аудит хийхдээ 5.0 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий төслүүдийг сонгон, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран иж бүрэн хяналт, шинжилгээ хийж, авах арга хэмжээний саналыг цогц байдлаар боловсруулан 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Үндэсний аудитын газар /Ч.Раднаа/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Д.Хаянхярваа/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A