A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 39

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй нягт уялдуулан, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/, Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.

3.Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгах нь:

1/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тулгуурлан 2012 оны төсвийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулах;

2/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг оны эхнээс жигд хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж, түүний хэрэгжилтийн явцыг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ