A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 34

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дүгээр тогтоолын биелэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/Үндсэн чиглэлд тусгагдаад дутуу хэрэгжсэн 305, хэрэгжээгүй 16 зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч, энэ талаараа 2011 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

2/улс орны хөгжлийн бодлогын урт, дунд, богино хугацааны баримт бичгийг төлөвлөх, боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиглэлээрх эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулж, холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналын хамт 2011 оны 7 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/Үндсэн чиглэлийн биелэлтийг үйл ажиллагааны хэрэгжилтээр дүгнэж, тайлагнаж байгаа журам, аргачлалыг өөрчилж, бодит үр дүнд суурилсан журам, аргачлалд шилжих, Үндсэн чиглэлийн явц байдалд тавих дотоодын байнгын хяналтыг сайжруулж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх Засгийн газрын байгууллагуудын чадавхийг сайжруулах арга хэмжээ авах;

4/Үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгах, тэргүүлэх зорилтыг зөв эрэмбэлэх, нэг жилд багтаан хэрэгжүүлэх боломжгүй зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үе шаттайгаар төлөвлөх.

2.Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийж, аудитын тайланг Улсын Их Хуралд ирүүлж байхыг Үндэсний аудитын газар /Ч.Раднаа/-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Зоригт/, Төрийн байгуулалтын байнгын хороо /Ж.Сүхбаатар/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ