A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 04 сарын 21 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 25

МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ

2000 онд болсон Нэгдсэн Yндэстний Байгууллага /НҮБ/-ын Мянганы дээд хэмжээний чуулга уулзалтаас баталсан "Мянганы тунхаглал" баримт бичгийг сайшаан Мянганы хөгжлийн зорилтуудад тулгуурлан Монгол Улсын мянганы хөгжлийн 2015 он хүртлэх зорилтыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих асуудлыг үндэсний хэмжээнд зохицуулан, зохион байгуулах шаардлагад үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг хавсралтаар баталсугай.

2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т үүрэг болгосугай:

1/ Мянганы хөгжлийн зорилтуудыг аймаг, нийслэл, бүсийн хэмжээнд тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон цаашид батлан гаргах хөгжлийн баримт бичгүүдэд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

2/ Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх үндэсний илтгэлийг 2 жил тутам гаргаж, Улсын Их Хурлын хаврын чуулганд танилцуулж байх;

3/ Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад иргэний нийгмийн оролцоог хангах, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хооронд түншлэлийг бий болгож, тэдгээрийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

4/ Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхдээ дотоодын нөөц бололцоог ашиглахын зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгийг авч, гадаад эх үүсвэрээр хангах боломжтой бүх арга хэмжээг авах талаар санаачлагатай ажиллах.

3.Мянганы хөгжлийн зорилтуудын үзүүлэлт, арга зүйг боловсронгуй болгох, хэрэгжилтийг үзүүлэлт бүрээр дүгнэх, хяналт тавих, төрөлжсөн болон тусгайлсан санг улсын хэмжээнд, аймаг, нийслэлийн түвшинд холбогдох мэдээллээр бүрдүүлж ажиллахыг Засгийн газар /С.Баяр/, Үндэсний статистикийн хороо /П.Бямбацэрэн/, Авлигатай тэмцэх газар /Ч.Сангарагчаа/, Төрийн албаны зөвлөл /Ж.Норовсамбуу/, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /Д.Солонго/-т тус тус үүрэг болгосугай.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Батболд/, Байгаль орчны байнгын хороо /Ч.Раднаа/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Дамиран/, Нийгмийн бодлогын байнгын хороо /С.Ламбаа/, Төсвийн байнгын хороо /Р.Бадамдамдин/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН