- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨМЖЛӨЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨМЖЛӨЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ
1997 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 59
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Ерөнхийлөгч байсныг хүндэтгэсэн хүндэтгэл болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөлийг бий болгосугай.
2.Энэхүү өргөмжлөлийг Монгол Улсын Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтад дурдснаар тангарагаасаа няцаж, бүрэн эрхээ зөрчин огцорсноос бусад тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнд Улсын Их Хурлаас олгож байхаар тогтоосугай.
3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөлийн үг нь " Төрийн их хэргийг төвшитгөж, түмэн олноо амгалан болгохуй үйлсэд бие сэтгэлээ чилээж, билиг авьяасаа зориулсныг тань хөхүүлэн сайшааж, энэхүү өргөмжлөлийг барив." гэсэн нийтлэг агуулгатай байна.
4. Өргөмжлөлийн загварыг Улсын Их Хурлаас тухай бүрт нь батална.
5.Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн өргөмжлөлийн загварыг хавсралт ёсоор баталсугай.
6.Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн өргөмжлөлийг бий болгохтой холбогдон гарах зардлыг төсвийн зохих хэсгээс зарцуулахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
