- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭД БҮТЦИЙН БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭД БҮТЦИЙН БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд удирдлагын зарим салаа мөчрийг улсын хэмжээнд хариуцах эрх үүрэг бүхий газрын бүдүүвчийг дор дурдсанаар баталж тэдгээр газрыг Засгийн газрын дэд бүтцэд хамааруулсугай:
1)Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд нийтийг хамарсан байгалийн болон бусад гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослын аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийг аврах, материал баялгийг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Монгол Улсын иргэний хамгаалалтын газар;
2)Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд улсын хил хамгаалалтыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газар;
3)Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж хяналт тавих үүрэг бүхий Монгол Улсын татварын ерөнхий газар;
4)Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж хяналт тавих үүрэг бүхий Монгол Улсын гаалийн ерөнхий газар.
2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
