- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 61
Нийгмийн даатгалын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1)1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тогтоогдсон тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, шинээр өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг Төсвийн хуульд жил бүр тусгах замаар 1997 онд багтаан хэрэгжүүлэх; /Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 04 дүгээр дүгнэлт, УИХ-ын 1996 оны 69 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
2)нийгмийн даатгалын тухай хуулиудад Засгийн газраас батлан мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, заавар түүнчлэн газрын доорхи болон хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг 1994 оны 12 дугаар сарын 1-ний дотор батлан гаргах;
3)тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг зохицуулах асуудлаар урьд гаргасан хууль тогтоомж, Засгийн газар (БНМАУын Сайд нарын Зөвлөл), түүний байгууллагуудын шийдвэрийг 1994 оны 12 дугаар сарын 1-ний дотор нийгмийн даатгалын тухай хуулиудад нийцүүлэх;
4)төрөлтийг дэмжих, эх нялхсын эрх, ашиг сонирхлыг хамгаалах бодлогыг боловсронгуй болгох, хүн амд нийгмийн халамж үзүүлэх, үүний дотор малчдын нийгмийн хамгаалалтын үр нөлөөтэй механизм бүрэлдүүлэх талаар асуудал боловсруулж, холбогдох хуулийн төслийг 1994 оны 10 дугаар сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5)Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа явуулах байгууллагыг 1994 оны 12 дугаар сард багтаан эмхлэн байгуулж ажиллуулах;
6)Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлын нормативыг батлуулах саналаа энэ онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A