- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 27
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт өрсөлдөөн бий болгох, арилжааны хэлбэрт шилжүүлэх чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээг 2003 онд багтаан иж бүрнээр нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
2. Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай
3. Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
