A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРӨӨС БАРИМТЛАХ МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ХЭРХЭН БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ТУХАЙ

1995 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 47

Монголбанк Улсын Их Хурлаас баталсан жил бүрийн "Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын чиглэл"-ийн хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, зээл, хадгаламжийн хүүгийн нэгдсэн бодлого явуулах, арилжааны банкуудад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг зээлийн хэлбэрээр олгох, баримт эргэлтийг түргэтгэх талаар зохих арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна.

Монголбанкнаас авч байгаа мөнгө, зээлийн бодлогын чанартай арга хэмжээ нь улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах нэг нөхцөл мөн бөгөөд үүний үр дүнд инфляцийн түвшин буурч тогтворжих хандлагатай болж улсын валютын нөөц нэмэгдэж байна.

Гэвч төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын чиглэлийн хүрээнд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үндсэндээ зээлийн лимит клирингийн зээл, бэлэн мөнгөний нийлүүлэлтийн зохицуулах хүрээгээр хязгаарлагдаж, гүйлгээнд байгаа бэлэн мөнгийг бараа, үйлчилгээгээр баталгаажуулах, байгууллагад болон иргэдийн гар дээр байгаа бэлэн мөнгийг татан авч, эргэлтийг түргэтгэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хангаж худалдан авах чадварыг ханшийн тогтвортой байдлыг хангаж худалдан авах чадварыг дээшлүүлэх, дотоодын өр авлагыг барагдуулах, зээл, хүүгийн бодлогоор үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд мэдэгдэхүйц үр дүн гарахгүй байна. Зээлийн өрийн болон хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийн өсөлт, нийт мөнгөний өсөлтөөс түрүүлэх, хөрөнгийн баталгаагүй зээлийн хэмжээ өсөх, арилжааны банкууд эх үүсвэрээсээ хэтрүүлж зээл олгох зэрэг зохисгүй байдал гарч байна.

Монголбанкны өөрийн нь болон арилжааны банкуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар Улсын Их Хурлаас урьд гаргасан тогтоолын дагуу дорвитой арга хэмжээ авахгүй байна. Монголбанкнаас арилжааны банкуудын нийт үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй байна.

Монгол Улсын Валютын зохицуулалтын хуулийн болон түүнийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлаас гаргасан тогтоолын зарим заалтыг хэрэгжүүлэх ажил удааширснаас дотоодын мөнгөний зах дээр гадаад орны валютын гүйлгээ хийгдэж, энэ нь зарим тохиолдолд төгрөгийн ханшийг бууруулах нөлөөлөл болох байдал гарч байна.

Монголбанкны системд дотоодын хяналт, санхүүгийн сахилга ихээхэн сулруулсны гадна банкны хуулийг чанд сахин мөрдөх талаар дутагдалтай байна.

Монголбанкны үйл ажиллагаанд оршиж байгаа ажлын дээрхи доголдол, дутагдлыг тус банкны удирдлагын хариуцлагатай холбон заан тэмдэглэж Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 1995 онд баримтлах чиглэл"-д тусгагдсан асуудлуудын хэрэгжилт удааширснаас зээлийн өр болон хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл нэмэгдэж гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний өсөлт нийт мөнгөний өсөлтөөс түрүүлэх, эдийн засаг дахь мөнгөний эргэлт удаашрах зэрэг сөрөг үзүүлэлтүүд гарч байгаад хариуцлагатай дүгнэлт хийж Монгол Улсын үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 1995 оны 9 дүгээр зөвлөмжид тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх талаар Засгийн газартай хамтран шуурхай арга хэмжээ авч дүнг 1995 оны 1О дугаар сард багтаан Улсын Их Хурлын намрын чуулганд илтгэхийг Монголбанк /н.Моломжамц/-нд даалгасугай.

ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ