A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 95

Төрийн ордон. Улаанбаатар хот

ТӨРИЙН ОРДОН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38.3, 43.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолоор баталсан Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөний 1.13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд илүү нээлттэй болгох, парламентат ёсыг бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн ордон цогцолборыг байгуулахаар тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:

1/Төрийн ордон цогцолборын байршлыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороотой зөвшилцөн шийдвэрлэх;

2/Цогцолбор байгуулах ажилд шаардагдах тоног төхөөрөмж, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар холбогдох хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/Цогцолборын барилгын ажилд Монголын талаас шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх;

4/Цогцолборын зураг төслийг боловсруулан, гүйцэтгэгчийг сонгож, барилгын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж ашиглалтад оруулах арга хэмжээ авах.

3.Цогцолбор байгуулах ажлыг шаардлагатай чиглэл, зөвлөмжөөр хангаж, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Дондог/, Тамгын газар /Н.Лувсанжав/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ