A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1994 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 92

Монгол улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.Дор дурдсан арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгасугай:

1)төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж мөнгө, зээлийн бодлогыг эдийн засгийг тогтворжуулах шаардлагад нийцүүлэх, мөнгөний нийлүүлэлтийг үнийн өсөлт, эдийн засгийн бодит байдалтай уялдуулах, зээл, хүүгийн бодлогыг үйлдвэрлэлийг дэмжихэд чиглүүлэхийн зэрэгцээ төлбөр тооцоог шуурхай болгож бэлэн бус тооцоог өргөжүүлэх, банкны системийн бүтэц, тогтолцоог цаашид боловсронгуй болгох, бүртгэл, тайлан, судалгаа, мэдээллийг улам сайжруулах;

2)банкны байгууллагын үйл ажиллагааны талаар бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах, арилжааны банкууд тайлан тэнцлээ улирал бүр хэвлэн нийтлүүлдэг журам 1994 оны 1 дүгээр сараас эхлэн тогтоон мөрдүүлэх;

3)улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, гадаад төлбөр, тооцоо, өрийн асуудлыг улирал бүр Улсын Их Хурлын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороонд танилцуулах.

3.Байгууллага хоорондын өр авлагын байдалд судалгаа хийж бий болсон өр авлагыг барагдуулах ажлыг улирал бүр зохион байгуулж байхыг Засгийн газар, Монголбанкинд даалгасугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж шаардлагатай туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ