- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1993 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1993 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 7
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
НЭГ."Төрөөс мөнгөний бодлогын талаар 1993 онд баримтлах чиглэл"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
ХОЁР."Төрөөс мөнгөний бодлогын талаар 1993 онд баримтлах чиглэл" батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол улсын Засгийн газар, Монголбанкинд даалгасугай:
1)чөлөөт валютын тооцоонд шилжсэнээс хойшхи хугацаанд үүссэн гадаад зээлийн өр, төлбөрийн талаар болон улсын валютын нөөцийг сэргээх тодорхой санал боловсруулж энэ оны 3 дугаар сард багтаан Улсын Их Хуралд оруулах;
2)Монголбанкны гадаад активыг энэ оны эхний хагаст багтаан 10,0-аас доошгүй сая ам.доллараар нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
3)улсын эрдэнэсийн сангийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсийг боловсруулж Улсын Их Хурлын энэ оны хаврын чуулганд оруулах;
4)мөнгөний эргэлтийг түргэтгэх, төлбөр тооцоог шуурхай болгох шаардлагад нийцүүлэн банкны холбоо, мэдээллийн сүлжээг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах, төлбөрийн бэлэн бус тооцооны хэлбэрийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;
5)дор дурдсан хуулийн төслийг боловсруулж энэ оны эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх:
а)валютын тухай хууль;
б)зээл, тооцооны харилцааны тухай хууль;
в)мөнгөн хадгаламжийн тухай хууль.
6)Засгийн газраас авч явуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан арилжааны банкнаас олгох зээлд өрийн бичиг, баталгаа гаргаж өгөх.
ГУРАВ.Мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг улирал тутам, мөнгөний статистик мэдээллийг сар тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк (Д.МОЛОМЖАМЦ)-д даалгасугай.
ДӨРӨВ.Арилажааны банкны төлбөрийн чадварыг нийт активт эзлэх өөрийн хөрөнгийн хэмжээ, арилжааны банкнаас нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ, бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөд ногдох түргэн борлогдох актив, бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, зээлийн харьцаа зэрэг үзүүлэлтээр дүгнэж байхаар тогтоосугай.
ТАВ.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж шаардлагатай туслалцаа үзүүлж байхыг Улсын Их Хурлын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо (А.БАЗАРХҮҮ)-д үүрэг болгосугай.
ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
