- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 68
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
2.Зээлийн хүү бууруулах эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулан хамтран хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/, Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд даалгасугай.
3.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/, Монголбанк /Л.Пүрэвдорж/-нд даалгасугай:
а/тухайн жилд улсад тушаах алтны хэмжээг батлагдсан нөөц, уулын ажлын төлөвлөгөө, олборлолтод үндэслэн тогтоож, биелэлтэд нь хяналт тавьж, хилийн хяналт, бүртгэлийг сайжруулж, татварыг бүрэн хураах ажлыг зохион байгуулах, дотоодод олборлосон алтыг худалдан авч мөнгөжүүлэх;
б/дунд хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарснаар эдийн засгийн өрсөлдөх чадвар буурах үр дагаврыг зөөлрүүлэх зорилттой холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэн, үр дүнг танилцуулж ажиллах.
4.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
а/хүнсний гол нэрийн барааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах нөхцөл бүрдүүлж, нийлүүлэлт доголдсоны улмаас үнийн хэлбэлзэл үүсэхээс сэргийлэх;
б/үнэт цаасны болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг бодитойгоор хөгжүүлж, хөрөнгө оруулалтын сан бий болгох, Засгийн газрын үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах, төсвийн алдагдлыг дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэх;
в/улсын экспорт, импортын түүхий эд, өргөн хэрэгцээний барааны дийлэнх нь дамжин өнгөрдөг хилийн боомт, төмөр зам, авто замын хүчин чадлыг нэмэгдүүлэн бодит эдийн засгийн өсөлтийг дэмжих;
г/худалдаа зохицуулалт, түүхий эдийн биржийн тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн актыг баталж мөрдүүлэх.
5.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газар /С.Батболд/, Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.
6.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
