- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 11
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.
2.Дараахь асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн Монгол Улсын төрд ногдох хувьцааг дангаар болон ордын төрөл, чиглэлээр бүлэглэн Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн байгуулсан хувьцаат компанид шилжүүлэн, түүний хувьцааны тодорхой хэсгийг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар арилжаалах;
2/энэ тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтад заасан компанийн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд арилжаалах бодлого, төлөвлөгөө /загвар/ болон бусад аргачлалыг төсөл тус бүрээр хувилбартай боловсруулах.
3.Төрийн өмчийг өөрчлөн байгуулах /хувьчлахгүйгээр/ хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийг байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх, төрд ногдох хувийг 51-ээс доошгүй хувьд хүргэх;
2/Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтэйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A