- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төсөв баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 85
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төсөв баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Төсвийн тогтолцоог боловсронгуй болгох, дунд, урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/төсвийн тогтвортой байдлыг болон төсвийн харилцааг зохицуулж байгаа хуулиудын уялдааг хангах, төсвийн харилцааг зохицуулах эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэх чиглэлээр Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулж 2009 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Хүний хөгжил сангийн төсөв баталсантай холбогдуулан уг сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээх тооцоо, саналыг боловсруулж 2009 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх;
3/дэлхийд зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудын дунд хугацааны үнийн төсөөлөлд үндэслэн төсвийн орлогыг тооцох журмыг 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх;
4/дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ 2010 оны төсөвт тусгагдсан хэмжээнээс өссөн тохиолдолд нэмж төвлөрөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого, ногдол ашгийн орлогыг Засгийн газрын Эрсдэлийн санд хуримтлуулах;
5/"Эрдэнэс МГЛ" ХХК нь уул уурхайн мэргэжлийн компанитай гэрээ байгуулан ажиллах замаар нүүрс экспортолж, улсын төсөвт 12 тэрбум төгрөг төвлөрүүлэх.
2.Дараахь чиглэлээр холбогдох санал, хуулийн төслийг боловсруулж 2010 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/засаг захиргаа, төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх, төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх замаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх;
2/нийгмийн даатгалын шинэчлэл хийх, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах, уг сангийн санхүүгийн удирдлагын зохистой бүтцийг бий болгох, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх;
3/Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээхдээ иргэний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилттой уялдуулан зохион байгуулах.
3.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үндэсний аудитын газар /Ч.Раднаа/-т даалгасугай:
1/Монгол Улсын 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд дүгнэлт өгч, дүнгээ 2010 оны 1 дүгээр сарын 30-ны дотор Улсын Их Хуралд танилцуулах;
2/жил бүрийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үнэлгээ, дүгнэлт хийж, төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө танилцуулж байхаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
