A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ОРДНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭ, ЗААГ ТОГТООХ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 1- ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 16

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг дор дурдсанаар тогтоосугай:

1/ Монгол Улсын Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр;

2/ Монгол Улсын Төрийн ордноос урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцох.

2.Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг тогтоосонтой холбогдуулан аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг зохион байгуулахыг Засгийн газар / Н.Энхбаяр /-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 37

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Төрийн ордны баруун, зүүн талын хашаа болон Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын хашаа, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын барилгын бүтээцийн урд хязгаараар тооцож тогтоосугай.

2.Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгосонтой холбоотойгоор цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг зохион байгуулах, хэв журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, цэвэрлэгээ, арчилгаа, тохижилтыг хариуцах асуудлыг холбогдох журмаар зохицуулахыг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

3.Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг шинэчлэн засварлах, камержуулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд тайлбарлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд Улсын Их Хурлын гишүүнтэй уулзах, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах иргэдийг Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалттай байхыг зөвшөөрсүгэй.

5.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР