- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ БАГАСГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ БАГАСГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 67
Эдийн засгийн өсөлтийн үндсийг тавьж, нийгмийн хөгжлийг хангах хөрөнгийн эх үүсвэр бий болгох зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
НЭГ.Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1.Мөнгө, төсөв, төлбөрийн тэнцэл, үндэсний тооцооны үзүүлэлтүүдийн талаар 1997 онд дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэх, төгрөгийн үнэгүйдлийг багасгах, инфляцийн өсөлтийг хязгаарлах, арилжааны банкуудын тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн тууштай арга хэмжээг Монголбанктай хамтран авч хэрэгжүүлэх.
2.Зээл, тусламж, өрийн удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгож, санхүү, эдийн засгийн үр ашигтай хуваарилалт, хяналтын механизм бий болгох.
З.Хувийн хэвшлийг хөгжүүлэх адил тэгш, таатай орчин бүрдүүлж, монополийг задлах, шинээр үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
4.Соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын төв, орон нутгийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэх, тэдгээрт аккредитаци явуулах ажлыг 1997 оноос эхэлж, түүний явц байдлыг Улсын Их Хуралд танилцуулж байх. Үүнд:
а/орон нутгийн Хурал, захиргааны байгууллагад тодорхой эрх мэдлийг шилжүүлэх үндсэн дээр төрийн захиргааны байгууллагуудын удирдлагыг цомхотгож тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бүтэц, орон тоог дахин авч үзэж оновчтой тогтоох;
б/салбар, орон нутгийн удирдлагын давхардлыг арилгах, ачаалал, ажил үүргийн хуваарийг нь хянан үзэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт оруулах, аймаг, сум, баг, дүүргийн тоог цөөрүүлэх асуудлыг судалж санал боловсруулах;
в/соёл, урлаг, биеийн тамир, спорт, радио, телевиз, мэдээллийн байгууллагуудын заримыг хувьчлан бизнесийн үйл аижллагаатай нягт холбож төрийн оролцоог дэс дараалалтайгаар бууруулах арга хэмжээ авах;
г/ бүх шатны сургуулиудыг хамарсан аккредитаци явуулж, стандартын төвшин бий болгох замаар анги дүүргэлт, нэг багшид ногдох хүүхдийн тоо, багш болон багш бус ажилтны зохистой харьцаа, хичээл заах цагийн норм зэрэг үзүүлэлтүүдийг сургуулийн төрөл, бүс нутгийн онцлог байдлыг харгалзан хэмнэлттэй ажиллах нөхцөл зарчмаар тогтоохын хамтаар цөөн суралцагчидтай, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж, төсөл шалгаруулах замаар заримыг нь хувьчлах;
д/бие хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавих хариуцлагыг өндөржүүлэх, эрүүл мэндийн зөвлөх төвийн үйл ажиллагааны давхардлыг арилгах, эмнэлгийн зарим төрлийн үйлчилгээг хувьчлах, орон нутгийн онцлогт нийцсэн нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээ бий болгох, нэг эмнэлгийн ажилтанд хамрагдах хүн амын тоо, нэг өвчтөнд үйлчлэх эмнэлгийн ажилтны тоо зэрэг нормативт үзүүлэлтүүдийг бүс нутгаар тогтооход чиглүүлж эрүүл мэндийн нийт байгууллагуудыг хамруулан аккредитаци явуулах;
е/нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгож, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж буй өндөр настны амьжиргааг сайжруулахад чиглэсэн шударга зарчмын үндсэн дээр нийгмийн хамгааллыг жинхэнэ эдлэх ёстой хүнд нь хүргэж тэднийг ядуурлаас хамгаалах, нийгмийн халамжийн болон ядуурлыг бууруулах сангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, ажлын байр шинээр бий болгохыг бүхий л талаар дэмжих;
ж/шинжлэх ухааны зарим байгууллагууд нэг чиглэлийн ижил үүрэг бүхий олон жижиг хэсэгт хуваагдаж, шинжилгээ, судалгааны ажилд зориулагдаж буй хөрөнгийн багагүй хэсэг нь захиргаа, үйлчилгээний ажилд зарцуулагдаж байгаад дүгнэлт хийж, бүтцийн дорвитой өөрчлөлт оруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалга, хөрөнгөөр хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөтгөх арга хэмжээ авч төсвийн хөрөнгийн оролцоог ээлж дараатайгаар бууруулах;
з/улс орны санхүү, эдийн засгийн хүч бололцоонд тулгуурлан улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаагаа уялдуулан зохицуулах замаар гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын байршлыг оновчтой болгож, тэдгээрийн орон тоог хянаж үзэх;
и/армид хийх шинэтгэлийг гүнзгийрүүлж, хил хамгаалалтаа бэхжүүлэхэд илүү анхаарч хугацаат цэргийн алба хаагчийн тоог эрс хорогдуулж, цэргийн алба хаах насны хүмүүсийг дүйцүүлэх албанд хамруулах, тэдэнд мөнгөн төлбөр ногдуулах асуудлыг судалж санал боловсруулах;
к/ төрийн албанд ажиллагсдад өрхийн аж ахуй эрхлэх боломж нөхцөл бүрдүүлэх, тэднээс гэр бүл, үр хүүхдийнхээ хүмүүжилд халамж анхаарал тавих чөлөөт цагийг ихэсгэх, өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулах цагийг нь нэмэгдүүлэх зорилгоор долоо хоногийн Бямба гаригийг ажлын бус өдөр болгох асуудлыг судалж шийдвэрлүүлэх.
5.Шинэ бүтцэд шилжсэн төсөвт байгууллагууд орон тоогоо бууруулах арга хэмжээ авсан нөхцөлд хэмнэгдсэн цалинг зөвхөн үр дүнтэй идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зориулалтаар ашиглах журам тогтоох.
6.Хөдөөгийн сумдын нийт төсөвт байгууллагууд болон аймгийн төвийн сум, нийслэлийн дүүрэгт ойролцоо байршилтай сургууль, цэцэрлэг, ясли зэрэг төсөвт байгууллагуудын аж ахуй, санхүүг нэгдсэн байдлаар зохион байгуулж, материал, техникийн хангамж, үйлчилгээг нь сайжруулах арга хэмжээг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан авч хэрэгжүүлэх.
7.Төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналтыг хүчтэй болгох, төсвийн сахилгыг сайжруулах зорилгоор 1997 оноос эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч, ус, нүүрс, мод, тээврийн хөлсний зардлыг санхүүжүүлэхдээ тухайн төсөвт байгууллагад үйлчлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас өгсөн нэхэмжлэлийг зах зээлийн үнийн төвшинтэй харьцуулан хянаж, төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагчийн батлагдсан төсөвт багтаан төсвийн ерөнхийлөн захирагчид шууд санхүүжүүлж байхаар журамлах
Хоёр.Энэ тогтоолын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, явц, үр дүнг нь тухай бүр авч үзэж байхыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод үүрэг болгосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
