A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх заримарга хэмжээний тухай

"Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам, агентлаг, түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх радио, телевиз, сонин, сэтгүүлийг 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс татан буулгасугай.

2.Хууль, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү "Төрийн мэдээлэл" эмхтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байхаар тогтоосугай.

/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

3.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг 5 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байхаар тогтоосугай.

4.Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, МОНЦАМЭ агентлагийг Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж, Үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон өөрчлөн зохион байгуулсугай.

5.Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх радио, телевизийг энэ тогтоолын 4 дэх хэсэгт заасан Үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын харьяанд ажиллуулахаар өөрчлөн зохион байгуулсугай.

6."Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай" хууль, энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан зарим хууль тогтоомжид орох өөрчлөлт, энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан хэвлэл, мэдээллийн хэрэгслийн өмчийн талаар гаргах шийдвэр, 4 дэх хэсэгт заасан байгууллагын удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн, дүрмийн төслүүдийг боловсруулж, 1998 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Баттулга/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ