- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 9
Хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1/Хүнсний тухай хуульд Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрийг нийцүүлэх;
2/Хүнсний тухай хуульд заасан дүрэм, журам, хэм хэмжээг 1995 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж батлах;
3/улсын нөөцийн хүнсний зүйлийн тоо, хэмжээг шинэчлэн тогтоож, 1995 оны 3 дугаар улиралд багтаан бүрдүүлэх;
4/хүнсний зүйлийн үйлдвэрлэл, хангамж, хэрэглээ, бүтэц, чанар, эрүүл ахуй, хоол хүнстэй холбоотой хүн амын өвчлөл, хордлого, нэн ядуу болон хүнсний хувьд эмзэг хэсэгт тооцогдох иргэдэд үзүүлсэн тусламж, дэмжлэгийн талаар салбарын статистик мэдээллийн тогтолцоог бий болгох;
5/гадаад орнуудын хүнсний тусламжийн бараа борлуулсны орлого болон зориулалтын зээл, бусад эх үүсвэрийг оновчтой ашиглах замаар хүнсний санг бүрдүүлэх;
6/хүнсний зүйлээр өөрийгөө хангах, хүнсний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, уламжлалт арга ажиллагааг сэргээх, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, өрх, иргэдэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, сургаж дадлагажуулах ажиллагааны нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх;
7/хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд чанар, эрүүл ахуйн хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, дээж загварыг шинжлэх зөвшөөрөл, дүгнэлт олгох шат дамжлагыг багасгах;
8/хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд хяналт тавих үндэсний нэгдсэн лаборатори байгуулах асуудлыг 1995 оны 3 дугаар улиралд багтаан шийдвэрлэх.
2.Энэ тогтоолын биелэлтийн талаар 1995 оны 4 дүгээр улиралд Улсын Их Хуралд танилцуулахыг Хөдөөгийн бодлого, байгаль орчны байнгын хороонд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
