A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 3 сарын 13 өдөр

Дугаар 27

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/төрийн байгууллагуудын зардлыг бууруулах, орон тоо, ажил үүргийн давхардлыг арилгах, Засгийн газрын болон түүний агентлагийн бүтэц, бүрэлдэхүүний зардал хэмнэх, ажлын давхардлыг арилгах чиглэлээр санал боловсруулж Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх;

2/төсвийн бүх шатны байгууллагуудад төсвийн зардлын хэмнэлтийн хатуу зарчмыг баримталж, зардлыг бууруулах, төсвийн байгууллагын ажилтны үндсэн цалин, нэмэгдлийг бууруулахгүй байх, төсвийн урсгал зардлын зүйл дотор зохицуулалт хийх, албан тушаалын автомашины өдрийн нормыг 30 километрээс хэтрүүлэхгүй байх зэрэг асуудлаар нэгдсэн журам баталж мөрдүүлэх;

3/нийгмийн халамж, тэтгэмжийг зайлшгүй шаардлагатай хэсэгт нь хуваарилах, халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа энэ оны 6 дугаар сард багтааж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар хойшлуулах төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөлд тэргүүн ээлжинд тусгахаар авч үзэх;

5/2008 онд улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр авто зам, барилга, эрчим хүчний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц байдлыг хянан үзэж, үнийн өсөлтөөр нэмэгдсэн зардлыг тооцож 2009 оны 5 дугаар сарын 01-ний дотор санал боловсруулан хөрөнгийг шийдвэрлүүлэх.

2.Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын төсвийн багц дахь үйлдвэрлэлийг болон бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Тэргүүн Шадар сайд, Шадар сайдад олгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ