A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ТАВЬСАН САНАЛЫН ДАГУУ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 49

Сүүлийн жилүүдэд урьдчилан хорих байр, хорих ангиудад хоригдогсод тураал, өвчний хүндрэлээр нас барах явдал нэмэгдсэн нь хоригдогсдын нөхцөлийяг зохих ёсоор бүрдүүлэх, тэдний эмнэлгийн үйлчилгээг зохион байгуулах талаар холбогдох хууль тогтоомжийн заалтыг биелүүлэх, түүнд хяналт тавих үүргээ Хууль зүйн яам, хорих ял эдлүүлэх болон цагдаа, прокурорын байгууллага хангалтгүй биелүүлсэн, эл байдлыг таслан зогсоох талаар чиглэсэн зорилготой, оновчтой, үр нөлөө бүхий ажлыг Засгийн газраас зохиож чадаагүй, ажлын хариуцлага, гүйцэтгэх сахилга шат шатандаа суларч Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолоор өгөгдсөн үүрэг хэрэгжээгүй байгаа нь дутагдал, доголдол гүнзгийрэх шалтгаан болсон байна.

Хууль зүйн байнгын хорооноос тавьсан саналыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газарт дор дурдсан арга хэмжээ авахыг даалгасугай:

1/хорих ангид болон урьдчилан хорих байранд хоригдогсод тураалаар нас барж байгаа шалтгааныг арилгах;

2/хууль хамгаалах байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, тэдгээрийн бүтэц, тогтолцоог

боловсронгуй болгох;

3/хорих ангид болон урьдчилан хорих байранд хоригдогсод тураалын шалтгаанаар нас барж байгаа ноцтой дутагдлыг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ аваагүй, Улсын Их Хурлаас болон Засгийн газрын тогтоолоор өгсөн үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцож, дүнг Улсын Их Хурлын 1995 оны намрын чуулганд танилцуулах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ