A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2007 ОНЫ 02 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ  /ЭНЭ ТОГТООЛЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2007 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2007 ОНЫ 02 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2007 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН 02 ДУГААР ТОГТООЛООР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН/

2007 оны 04 сарын 24 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 34

Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн гэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэхэд дор дурдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

1.Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн "Хөрөнгө гаргах тухай" 185 дугаар тогтоолд "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн хөтөлбөр, төсөл болон зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж 760.0 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн" гэсэн иргэн Т.Мэндсайханы өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал хянаж, 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоолыг гаргахдаа "Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзэх шууд үндэслэл тогтоогдохгүй байна. … нотолгоо хангалттай биш" гэсэн дүгнэлт хийж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, уг тогтоолыг Үндсэн хуулийн цэц 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах гомдлоор хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн гишүүний З5 дугаар тогтоолыг хэвээр баталж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлал хүчинтэй байхад уг шийдвэр гарснаас 4 жилийн дараа дээрхтэй ижил агуулга, үндэслэл бүхий өргөдлийг хянахдаа Үндсэн хуулийн цэц шууд маргаан үүсгэж урьд гаргаснаасаа өөр шийдвэр гаргасан байна.

Бодит байдал, Үндсэн хуулийн цэцийн урьд гаргасан шийдвэр ийм байхад Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга /тухайн үед даргаар ажиллаж байсан/ Н.Жанцан Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа дээр дурдсан иргэн Т.Мэндсайханы өргөдлийг хянаж гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолыг "Цэцийн шийдвэр биш" хэмээн хууль бус тайлбар хийж, улмаар уг тогтоолыг "давж заалдаагүй тул шийдвэр гаргаагүй" хэмээн төрийн эрх барих дээд байгууллагад худал мэдээлэл өгсөн.

2.Үндсэн хуулийн цэц 2007 оны 02 дугаар дүгнэлтийг гаргахдаа ".. хөрөнгө оруулалт …"нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байхын зэрэгцээ энэхүү дүгнэлт нь "…улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, … улсын төсөв батлах" Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдсан байна.

3.Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа "сонгуулийн тойрог" гэсэн нэр томъёо хэрэглээгүй, тийм зарчим ч баримтлаагүй.

4.Үндсэн хуулийн цэц "тойрог тус бүрт тэгшитгэн хуваарилж, зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тараан байршуулсан 250.0 сая төгрөг буюу нийт дүнгээрээ төсөвт туссан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Үндсэн хуулийг зөрчсөн" гэж дүгнэхдээ Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн ямар зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөнийг, 19.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг түдгэлзүүлэхдээ чухам ямар төсөл, арга хэмжээний санхүүжилтийг түдгэлзүүлэхийг тус тус заагаагүй байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.З дахь заалт болон дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ