A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АГААРЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

АГААРЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгаль орчны тэнцлийг хангах өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн хийн мандлын агаар /цаашид "агаар" гэх/-ыг хамгаалах, түүнийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Агаарын тухай хууль тогтоомж

Хэвлэх

Агаарын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АГААРЫГ ХАМГААЛАХ АЖЛЫН УДИРДЛАГА, ЧАНАРЫН ХЯНАЛТ, МЭДЭЭЛЭЛ

3 дугаар зүйл.Агаарыг хамгаалах ажлын удирдлага

Хэвлэх

1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага агаарыг хамгаалах талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1/агаарыг хамгаалах хөтөлбөр боловсруулан Засгийн газраар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/агаарын чанарын хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулах;

3/агаарыг хамгаалахтай холбогдсон дүрэм, журам батлах, стандартын төсөл боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах.

2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага агаарыг хамгаалах талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1/агаар бохирдуулах бодисын хүлцэх агууламж, агаарт үзүүлэх физикийн хортой нөлөөллийн түвшний стандартын төслийг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;

2/агаарын бохирдол, физикийн хортой нөлөөлөл хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдалд хяналт тавих.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын агаарт гаргаж буй бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийн байдалд тавих мэргэжлийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага болон байгаль орчны улсын байцаагч хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./

4 дүгээр зүйл.Агаарын чанарын алба

Хэвлэх

1.Агаарын чанарыг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх, холбогдох мэдээ гаргах үүрэг бүхий агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн алба /цаашид "мэргэжлийн алба" гэх/ -ыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж ажиллуулна.

2.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар байгуулах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн байгаль, цаг уурын онцлог, үйлдвэржилтийн түвшинтэй уялдуулан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж тэдгээрийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

3.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу Засаг даргын удирдлага дор ажиллана.

5 дугаар зүйл.Агаарын чанарын хяналт-шинжилгээ

Хэвлэх

1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь агаарын бохирдол, физикийн хортой нөлөөлөл, түүнчлэн агаар дахь озон, нүүрс хүчлийн хий зэрэг бага хольцийн агууламжийн өөрчлөлтөд байнгын хяналт тавих зорилго бүхий хяналт- шинжилгээний сүлжээг зохион байгуулна.

2.Хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ нь дараахь хэсгээс бүрдэнэ:

1/улсын хяналт-шинжилгээний цэг;

2/олон улсын хяналт-шинжилгээний сүлжээний Монгол Улс дахь цэг;

3/агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын хяналтын цэг.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан цэгийг хот, тосгон, бусад суурины хэмжээ, хүн амын нягтрал, газар нутгийн тогтоц, үйлдвэржилтийн түвшин зэргийг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6 дугаар зүйл.Агаарын чанарын тухай мэдээлэл

Хэвлэх

1.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар нь агаарын чанарын тухай мэдээг зохих шатны Засаг дарга болон мэргэжлийн төв албанд өгнө.

2.Мэргэжлийн төв алба нь агаарын чанарын тухай мэдээг нэгтгэн дүгнэж төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгнө.

3.Мэргэжлийн алба нь агаарын бохирдол, физикийн хортой нөлөөллийн түвшин стандартад заасан хэм хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох байгууллага, олон нийтэд шуурхай мэдээлнэ.

4.Аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын чанарт нөлөөлж буй өөрийн үйл ажиллагааны тухай болон дотоод хяналтын мэдээг мэргэжлийн албаны орон нутгийн салбарт тогтоосон хугацаанд өгнө.

5.Агаарын чанарын мэдээлэл гаргах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АГААРЫГ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ

7 дугаар зүйл.Агаарыг бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийн хэмжээ

Хэвлэх

1.Агаар бохирдуулах бодисын хүлцэх агууламж, агаарт үзүүлэх физикийн хортой нөлөөллийн түвшний хэм хэмжээ, түүнчлэн хөдөлгөөнт эх үүсвэрийн төрөл бүрээс агаарт гаргах бохирдуулах бодисын хүлцэх агууламж, физикийн хортой нөлөөллийн түвшний хэм хэмжээ, тэдгээрийг тодорхойлох аргыг стандартаар тогтооно.

2.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын суурин эх үүсвэр нэг бүрээс агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн хортой нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээг мэргэжлийн алба тогтооно.

3.Бүх эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн хортой нөлөөллийн нийлбэр хэмжээ нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээнээс хэтрэхгүй байна.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрөх хэмжээг тогтоох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

8 дугаар зүйл.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн хортой нөлөөлөл үзүүлэх зөвшөөрөл

Хэвлэх

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэж суурин эх үүсвэр ашиглахдаа мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авна.

2.Зөвшөөрөлд тухайн суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн хортой нөлөөллийн хэмжээг энэ хуулийн 7 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан шаардлагыг үндэслэн зааж, агаарыг бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллөөс хамгаалах талаар авах арга хэмжээ, хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг тусгана.

3.Стандартаар хүлцэх хэм хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах, физикийн хортой нөлөөлөл үзүүлэх зайлшгүй тохиолдолд бодисын шинж чанар, хэмжээ, хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан түр зөвшөөрлийг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран олгож болно.

4.Түр зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн зөвшөөрөлд заасан хугацаанд багтаан агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн хортой нөлөөллийн хэм хэмжээний стандартыг эрх бүхий байгууллагаар батлуулна.

9 дүгээр зүйл.Агаарын бохирдол, физикийн хортой нөлөөлөл ноцтой нэмэгдсэн үед авах арга хэмжээ

Хэвлэх

1.Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн осол болон бусад шалтгаанаар агаар дахь бохирдуулах бодисын агууламж, физикийн хортой нөлөөллийн түвшин ноцтой нэмэгдэж, стандартын хэм хэмжээнээс хэтэрч хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулахаар болсон бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба энэ тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хүн амд шуурхай мэдэгдэнэ.

2.Агаарын бохирдол, физикийн хортой нөлөөлөл ноцтой нэмэгдсэн шалтгааныг тогтоох, хохирлыг арилгах арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба, Засаг дарга, холбогдох бусад байгууллага хамтран яаралтай авна.

3.Энэ зүйлийн1дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан агаарын бохирдол, физикийн хортой нөлөөллийг багасгах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын ажилд тусгай горим тогтоох, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, шаардлагатай тохиолдолд хүн амыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг Иргэний хамгаалалтын тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.

10 дугаар зүйл.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн хортой нөлөөлөл үзүүлэхийг хязгаарлах

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж, байгууллага байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан агаарын бохирдол ихэсч болзошгүй тухай мэдээг мэргэжлийн албанаас хүлээн авмагц суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн хортой нөлөөллөө багасгах талаар энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

2.Аж ахуйн нэгж, байгууллагын суурин эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа бохирдуулах бодис, үзүүлж байгаа физикийн хортой нөлөөлөл нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулах нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон тохиолдолд байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч уг зөрчлийг арилгах хүртэл тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж буюу түр зогсоож болно.

3.Агаарт тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн бохирдуулах бодис гаргаж, физикийн хортой нөлөөлөл үзүүлж байгаа тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэрийн ашиглалтыг байгаль орчны байцаагч болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагатай хамтран тогтоосон журмын дагуу хязгаарлаж болно.

4.Агаар бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийн зөвшөөрсөн хэмжээ, зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох буюу үйлдвэрлэлийн чиглэлийг нь өөрчлөх саналыг байгаль орчны болон эрүүл ахуйн байцаагч эрх бүхий байгууллагад тавина. Энэхүү саналыг эрх бүхий байгууллага 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

5.Агаарыг хамгаалах зорилгоор амралт, сувилал, жуулчлалын газар, хотын гудамж, орон сууцны хороололд тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэн орохыг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хориглож буюу хязгаарлаж болно.

6.Суурин газрын агаарыг хортой, халдвартай, эвгүй үнэртэй бодис, хаягдлаар бохирдуулах, хог хаягдлыг ил задгай, зориулалтын бус газарт хаях, шатаахыг хориглоно.

11 дүгээр зүйл.Барилга байгууламж барихад агаарыг хамгаалах талаар тавих шаардлага

Хэвлэх

1.Үйлдвэрлэл, үйлчилгээний болон бусад зориулалттай барилга байгууламжийн байршлыг сонгох, зураг төсөл зохиох, тэдгээрийг барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, технологи, тоног төхөөрөмжийг нь өөрчлөх, шинэчлэхэд агаар бохирдуулах бодисын хүлцэх агууламж, физикийн хортой нөлөөллийн түвшний стандартыг үндэслэнэ.

2.Агаарт онцгой хортойгоор нөлөөлж болзошгүй үйлдвэр, үйлчилгээний газар барих асуудлыг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.

3.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн хортой нөлөөлөл үзүүлэх ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагыг барьж байгуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ.

12 дугаар зүйл.Суурин газар барьж байгуулахад агаарыг хамгаалах талаар тавих шаардлага

Хэвлэх

1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хот, тосгон, бусад суурин газрын байршил, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг агаарын төлөв байдалд гарч болох өөрчлөлт, хортой нөлөөлөлийг харгалзан боловсруулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан зөвшөөрөл авна.

13 дугаар зүйл.Эх үүсвэрийг тоноглох

Хэвлэх

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтад орсон хугацааг харгалзахгүйгээр агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл эрхлэхдээ эх үүсвэр нэг бүрээ хянах, агаар бохирдуулах бодисыг цэвэрлэх, физикийн хортой нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглоно.

2.Агаар бохирдуулах бодисыг цэвэрлэх, физикийн хортой нөлөөллийг бууруулах, эх үүсвэр бүрийг хяналтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглох, тэдгээрийн ашиглалтын байдалд тухайн салбарыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага, сум, дүүргийн Засаг дарга, байгаль орчны байцаагч хяналт тавина.

14 дүгээр зүйл.Хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах арга хэмжээ

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр зохион байгуулах, өргөтгөн шинэчлэхдээ нүүрс хүчлийн хий, шивтрийн хий, азотын дутуу исэл зэрэг хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээ нь олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт техник,технологийг хэрэглэнэ.

2.Хүлэмжийн хийн ялгаралт тухайн жилд өссөн нь тогтоогдсон бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах арга хэмжээ авна.

3.Хүлэмжийн хийн хэмжээ ихэссэний улмаас байгаль орчинд хортой нөлөөлөх нөхцөл байдал бий болсон бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хүлэмжийн хий ялгаруулах үйл ажиллагааг байгаль орчны байцаагч зогсоож болно.

15 дугаар зүйл.Озоны давхрагыг хамгаалах

Хэвлэх

1.Озоны давхаргыг хамгаалах, түүнд үзүүлэх хортой нөлөөллөөс сэргийлэх зорилгоор озоны давхаргын төлөв байдал, нарны хэт ягаан туяаны эрчмийн өөрчлөлтөд тавих хяналт-шинжилгээг мэргэжлийн алба болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага гүйцэтгэнэ.

2.Озоны давхаргад хортой нөлөөлөл үзүүлэх бодисын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан жагсаалтад орсон бодисын импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээллийг гаалийн болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу мэргэжлийн төв албанд өгч байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

16 дугаар зүйл.Агаар бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн улсын тоо бүртгэл

Хэвлэх

1.Агаар бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн төрөл, тоо, хэмжээг улсын бүртгэлд хамруулна.

2.Улсын нэгдсэн тоо бүртгэл, хүлэмжийн хийн эх үүсвэр болон шингээгчийн улсын тооллогыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу мэргэжлийн алба гүйцэтгэнэ.

17 дугаар зүйл.Агаарыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад тавих шаардлага

Хэвлэх

/Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18 дүгээр зүйл.Агаарын төлөв байдал, цаг уурын үзэгдэлд зориуд нөлөөлөх

Хэвлэх

1.Агаарын төлөв байдал, цаг уурын үзэгдэлд зориуд нөлөөлөх шаардлага гарсан тохиолдолд уг ажиллагааг гүйцэтгэх байгууллагад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн албаны дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгоно.

2.Зориудын нөлөөлөл нь агаарын төлөв байдал, уур амьсгалд хортой нөлөөлөхгүй байвал зохино.

19 дүгээр зүйл.Төлбөр

Хэвлэх

1.Агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг болон агаарыг савлах, бусад аргаар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төлбөр төлнө.

2.Төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журмыг хуулиар тогтооно.

20 дугаар зүйл.Агаарын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Шүүгч, байгаль орчны буюу эрүүл ахуйн байцаагч агаарын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/агаарын чанарт нөлөөлж буй өөрийн үйл ажиллагааны тухай болон озоны давхаргын төлөв байдалд хортой нөлөөлөх бодисын импорт, үйлдвэрлэл, агаарын чанарын тухай мэдээг тогтоосон хугацаанд мэдээлээгүй буюу зориуд буруу мэдээлсэн, мөн суурин газар энэ хуулийн 10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг 1000-5000 төгрөгөөр, аж ахуйн нэгж,

байгууллагыг 50000-75000 төгрөгөөр торгох;

2/зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглан агаар бохирдуулж байгаа иргэнийг 500-5000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000- 100000 төгрөгөөр торгох;

3/агаарыг хамгаалах шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг ашиглалтанд оруулсан, тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлсэн албан тушаалтныг 10000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-150000 төгрөгөөр торгох;

4/агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн хортой нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн, эсхүл агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн иргэнийг 15000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-200000 төгрөгөөр торгох;

5/эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг суурин эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг 25000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

21 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хууль 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ