- Нүүр
- Монгол Улсын хууль
- АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /энэ хуулийг 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
/Энэ хуулийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зориллт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах /үйлчлэх/, хэрэглэх журмыг тогтоон хэрэгжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж нь энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Согтууруулах ундаа
Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импорт
4 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
1.Сүүн бүтээгдэхүүнээр нэрдэг шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон мэргэжлийн хяналтын байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газар олгох буюу хүчингүй болгоно. Зөвшөөрөлд согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрлэх арга хэрэгсэл, түүхий эдийг тогтоож өгсөн байна. /Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын захирагч олгоно.
/Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
3.Худалдаа, үйлчилгээнд гаргах согтууруулах ундаа нь улсын стандартын шаардлага хангасан байна.
5 дугаар зүйл.Үйлдвэрлэх, импортлох журам
1.Хүнсний зориулалтын бус түүхий эдээр согтууруулах ундаа үйлдвэрлэхийг хориглоно.
2.Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг зориулалтын төхөөрөмжөөр, технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд явуулна.
3.Согтууруулах ундааны шошго дээр барааны тэмдэг, оноосон нэр, улсын стандарт, хатуулаг, нэр төрөл, үйлдвэрлэсэн газар, огноог заасан байна.
4.Согтууруулах ундааг худалдах зорилгоор импортлоход дээжийг нь стандартчилал, эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлж, импортлох зөвшөөрлийг гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан байна.Зөвшөөрөлд согтууруулах ундааны нэр төрөл, импортлох тоо хэмжээ, улсын хилээр нэвтрэх боомт,гарцыг тодорхой заасан байна.
5.Импортлогдож байгаа согтууруулах ундаанд гааль, хилийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлж, баталгаажуулсан байна.
6.Олон улсын стандартын шаардлага хангасан тухай үйлдвэрлэгчийн чанарын баталгаатай согтууруулах ундааг импортлоход энэ зүйлийн 4 дэх хэсгийн заалт хамаарахгүй.
7.Импортлохыг хориглох согтууруулах ундааны нэр төрөл, жагсаалтыг стандартчилал, эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
8.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж уул зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний хонгилд явуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл.Худалдах, үйлчлэх журам
1.Засаг дарга буюу захирагчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт болон гар дээрээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
2.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2, З, 4, 5 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж үйлдвэрлэсэн буюу импортлосон, эсхүл хяналтын шинжилгээ хийлгээгүй согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд гаргахыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Согтууруулах ундааны хэрэглээнд тавих шаардлага
7 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэрэглэх, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл
1.Дараахь газарт согтууруулах ундаа уухыг хориглоно:
1/албан байгууллага;
2/согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгж;
3/хүүхдийн байгууллага, сургууль, эмнэлэг, сувиллын газар;
4/оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;
5/орон сууцны орц, хонгил;
6/гудамж, талбай, цэцэрлэг;
7/галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
8/нийтийн тээвэр, хүнс, барааны зах, худалдаа, үзвэр, үйлчилгээ зэрэг олон нийтийн газар.
2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газарт дараахь зүйлийг хориглоно.
1/согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах,түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах;
2/18 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.
3.Дараахь хүмүүст согтууруулах ундаа уухыг хориглоно:
1/тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;
2/18 нас хүрээгүй хүн.
4.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 18 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.
5.Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн болон шөнийн цэнгээний газрыг хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, үйлдвэр, албан газар, байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний суурийн давхар /зориудаар тохижуулснаас бусад/-т ажиллуулахыг хориглоно.
6.Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, хөдөлмөрийн хөлс орлуулахыг хориглоно.
7.Согтууруулах ундаа хэрэглэхийг дэмжин дэлгэрүүлэхийг уриалж олон нийтийн хэвлэл, мэдээллийн болон бүх төрлийн тээврийн хэрэгслээр сурталчлахыг хориглоно.
8.Согтууруулах ундааны шошгыг хуурамчаар үйлдэх, хууль бусаар хэрэглэх, худалдахыг хориглоно.
8 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг хориглох
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Архидан согтуурахтай хийх тэмцэл
9 дүгээр зүйл.Архидан согтуурахын эсрэг сурталчилгаа
Сургуулийн сурагчид 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг тэдгээрийн эцэг эх, төрөл садан, асран хамгаалагчид болон багш нарт хориглоно.
10 дугаар зүйл.Стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааг нийтэд мэдээлэх
1.Эрх бүхий байгууллагын шалгалт, шинжилгээгээр хүний амь нас, эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон, стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны хор хөнөөлийн тухай мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд шуурхай зарлан мэдэгдэнэ.
2.Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглахад гарсан зардлыг төр хариуцна.
11 дүгээр зүйл.Эрүүлжүүлэх
Шаардлагатай гэж үзвэл ууж согтууран хэвийн бус байдал гаргасан этгээдийг цагдаагийн байгууллага 24 цагаас дээшгүй хугацаагаар эрүүл ахуйн шаардлага хангасан тусгай байранд эрүүлжүүлнэ.
12 дугаар зүйл.Эмчилгээ
1.Архинд донтох өвчтэй болсон этгээд өөрийн санаачилгаар эмнэлгийн байгууллагад хандаж сайн дурын үндсэн дээр эмчлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд түүнд ердийн журмаар эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.
2.Архинд донтох өвчтэй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд бусдын эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг зөрчсөн этгээдийг шүүхийн шийдвэрээр эхний удаа 60 хоног хүртэл хугацаагаар албадан эмчилнэ.
3.Архинд донтох өвчтэй хүмүүсийг мэргэжлийн эмнэлгийн байгууллагад эмчилнэ. Албадан эмчилгээг цагдаагийн байгууллагын туслалцаатагаар гүйцэтгэнэ.
4.Архинд донтох өвчтэй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч хэрэг хариуцах чадвартай нь нотлогдсон этгээдэд хорих ял оногдуулахдаа албадан эмчлэх тухай шийдвэр шүүхээс гаргасан бол хорихын нэгдсэн эмнэлэгт уул этгээдийг албадан эмчилнэ.
5.Архинд донтох өвчтэй нь ял эдэлж байх үед илэрвэл уул хоригдлыг албадан эмчлүүлэх тухай хүсэлтээ хорих ангийн захиргаа шүүхэд гаргана.
6.Архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчлэх байгууллагуудын ажиллах журмыг Засгийн газар батална.
13 дугаар зүйл.Архидан согтууранхтай тэмцэх олон нийтийн үүсгэл, санаачилгыг дэмжих
Архидан согтуурахтай тэмцэх зорилго бүхий олон нийтийн үүсгэл санаачилгыг төр, олон нийтийн байгууллага дэмжих туслах үүрэгтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйл.Эрүүлжүүлэх, албадан эмчилгээний төлбөр, бусад төлбөрийг төлүүлэх
Эрүүлжүүлэх, албадан эмчлэхэд гарсан шууд зардал, байгууллага, иргэдэд учирсан хохирлыг ууж согтуурсан гэм буруутай этгээдээр бүрэн хэмжээгээр төлүүлнэ. Хэрвээ уул этгээд төлбөрийг төлөх чадваргүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар гаргуулна.
15 дугаар зүйл.Эмнэлгийн байгууллагад хүсэлт гаргах
Байнга архидан согтуурдаг этгээдийн талаар архинд донтох өвчтэй болсон эсэх тухай дүгнэлт гаргуулахаар түүний гэр бүлийн гишүүд, төрөл садан болон сум, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, эмнэлгийн байгууллагад хүсэлт гаргаж болно.
16 дугаар зүйл.Эрхийн чадамжийг хязгаарлах
Байнга архидан согтуурдаг этгээдийн эрхийн чадамжийг хууль тогтоомжид заасны дагуу шүүх хязгаарлана.
17 дугаар зүйл.Архидан согтуурсан этгээдийн талаар гомдол гаргах
Архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг, гэр бүлийн гишүүддээ хүч хэрэглэдэг, айлган сүрдүүлдэг этгээдийн талаар иргэд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.
18 дугаар зүйл.Үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд тавих хяналт
1.Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.
2.Согтууруулах ундааны импортод тавих хяналтыг гаалийн байгууллага болон хилийн эрүүл ахуйн хяналтын алба хэрэгжүүлнэ.
3.Согтууруулах ундааг худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэд дараахь байгууллага, албан тушаалтэн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон эрх хэмжээний дотор хяналт тавина:
1/бүх шатны Засаг дарга;
2/цагдаагийн байгууллага;
3/аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага;
4/эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага;
5/хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага.
19 дүгээр зүйл.Хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
1/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, З дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн болон хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 40000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-250000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
2/энэ хуулийн 5 дугаар зүйлийн З, 4, 5 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол уул согтууруулах ундааг хурааж иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
3/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол иргэнийг 5000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох буюу 7-14 хоногийн хугацаагаар баривчлах; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн ба уг заалтад 1997 оны 12 дугаар сарын 5, 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./
4/худалдаа, үйлчилгээнд гаргах согтууруулах ундаанд хяналтын шинжилгээ хийлгээгүй бол уул согтууруулах ундааг хурааж иргэнийг 30000--50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
5/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол 1000-10000 төгрөгөөр, 2 дахь хэсэг, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол иргэнийг 1000-5000, албан тушаалтныг 2000-8000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн ба 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
6/энэ хуулийн 7 дугаар зүйлийн З дахь хэсгийн 2-т заасан зөрчил гаргасан хүний эцэг эх, асран хамгаалагчийг 1000-5000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
7/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж 50000-200000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
8/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол иргэнийг 2000-10000, албан тушаалтныг 3000-15000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-75000 төгрөгөөр, 7 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол иргэнийг 5000-25000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
9/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлого, хуурамчаар үйлдсэн зүйлийг хурааж иргэнийг 5000-40000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000- 200000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн ба уг заалтад 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
10/энэ хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн бол 1000-10000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
11/стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны хор хөнөөлийн тухай мэдээллийг нийтэд түгээхэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээ ашиглуулахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол 50000-100000 төгрөгөөр торгох. /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
12/энэ хуулийн 5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол согтууруулах ундааг үйлдвэрлэх, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, уг аж ахуйн нэгжид 2 жилийн хугацаанд дахин зөвшөөрөл олгохгүй.
/Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны зөрчлийг эрх бүхий албан тушаалтан дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:
1/шүүгч энэ хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 1, 2, З,4,5,8,9 дахь хэсэг, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 8 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11-д заасан
2/сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1, 2, З дахь хэсэг, 6,7 дугаар зүйлд заасан зөрчил;
3/цагдаагийн эрх бүхий ажилтан энэ хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 1, З дахь хэсэг, 6,7,8 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11-д заасан зөрчил;
4/хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1, 2, З, 4, 5,8,9 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 2, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил. /Энэ заалтад 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
5/нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 4, 7, 8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2; 3 дахь хэсгийн 2-т заасан зөрчилд 5000 хүртлэх төгрөгийн торгууль ногдуулах. /Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн./
20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
