A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БАНКНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банкинд албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2 дугаар зүйл.Банкны тухай хууль тогтоомж

Хэвлэх

1.Банкны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Төв Банк / Монголбанк/ -ны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд банкны тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

1.Хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн дүрмийн сантай, хувь нийлүүлэгчид нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн зуучлалын ажил үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг банк гэнэ. /Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"холбогдох этгээд" гэж тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/"удирдлага" гэж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг хэлнэ; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/ /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4/"банкинд бүтцийн өөрчлөлт хийх" гэж банкны бүтэц зохион байгуулалт, дүрмийн сангийн бүтцэд өөрчлөлт оруулах, дүрмийн санг нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэргээр санхүүгийн чадварыг дээшлүүлж, алдагдлыг багасгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээ авахыг хэлнэ. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

5/"банкны актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын жишигт нийцүүлэн Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон зүйлийг хэлнэ. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл.Банкны төрөл

Хэвлэх

Банк нь дүрмийн сангийн өмчлөлөөр төрийн, хувийн болон холимог; үүсгэн байгуулагдсан хэлбэрээр хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат; банкны үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба төрөлжсөн байж болно.

5 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаанд үл нөлөөлөх

Хэвлэх

1.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн захиргааны бүх шатны байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй.

2.Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Банкны үйл ажиллагаа

6 дугаар зүйл.Банкны эрхлэх үйл ажиллагаа

Хэвлэх

1.Банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

1/мөнгөн хадгаламж;

2/зээл;

3/төлбөр тооцоо;

4/өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

5/гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах;

6/үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах;

7/үнэт зүйл хадгалах;

8/гадаад төлбөр тооцоо хийх;

9/үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;

10/санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11/хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх;

12/хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг банк бус санхүүгийн байгууллага зөвхөн Монголбанкны зөвшөөрлөөр эрхэлж болно. Банк бус санхүүгийн байгууллагад энэхүү зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэг даатгалын байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны компанид хамаарахгүй. /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7 дугаар зүйл.Банкинд хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

1.Банк ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдаж борлуулах үйл ажиллагаа энэ заалтад хамаарахгүй.

2.Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх задлах, ашиглахыг банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд хориглоно: /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

1/тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

2/Монголбанк шаардсан;

3/шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажлын шаардлагаар эдгээр байгууллагын удирдлага хүсэлт гаргасан /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4/Монгол Улсын хуулийг зөрчсөн нь нотлогдсон бол олон улсын хуулийн байгууллага, Монгол Улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гадаад орны Засгийн газрын гаргасан хүсэлтээр. /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Банкнаас олгосон зээлийн талаархи банк хоорондын мэдээлэл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нууцад хамаарахгүй.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна банк дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

1/дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох;

2/ /Энэ заалтыг 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3/өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх.

4/улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

71дүгээр зүйл.Банкны зар сурталчилгаа

Хэвлэх

1.Банкнаас хийх зар сурталчилгаа нь тухайн үеийн үйл ажиллагааг үнэн зөв тусгасан, хууль тогтоомжид нийцсэн байна.

2.Монголбанк нь банкны зар сурталчилгааг дараахь агуулгатай гэж үзвэл хориглоно:

1/тухайн банкнаас нийтэд мэдээлсэн санхүүгийн тайлан нь түүний санхүүгийн бодит байдалтай зөрчилдөж байвал; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/хууль тогтоомжид нийцээгүй бол.

/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

8 дугаар зүйл.Мөнгөн хадгаламж

Хэвлэх

1.Банк Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно.

2.Банкинд мөнгөн хөрөнгө хадгалах болон хадгаламжийн даатгалд даатгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

9 дүгээр зүйл.Зээл

Хэвлэх

1.Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцлийн дагуу зээл олгож болно. Банк зээлийн хүүг өөрөө тогтооно.

2.Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, дүрмийн сангийн ногдол хувийг хоёр талын тохиролцсон гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанд хамаарахгүй. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

3.Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

10 дугаар зүйл.Төлбөр тооцооны үйлчилгээ

Хэвлэх

1.Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ.

2.Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийнэ. Шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэртэй, эсхүл үл маргалдах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.

3.Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно.

4.Банк нь банк хоорондын гүйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ.

5.Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

11 дүгээр зүйл.Батлан даалт гаргах

Хэвлэх

/Энэ зүйлийн нэрэнд 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Банк энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1-ээс 3 дахь хэсэгт заасан хязгаарлалтын хүрээнд гуравдагч этгээдэд гэрээний дагуу батлан даалт гаргаж болно.

Банк энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1-ээс 3 дахь хэсэгт заасан хязгаарлалтын хүрээнд гуравдагч этгээдэд гэрээний дагуу батлан даалт гаргаж болно.

12 дугаар зүйл.Үнэт зүйлийн хадгалалт

Хэвлэх

Банк иргэний үнэт зүйлийг /хадгалуулагчийн хувьд үнэт зүйл/ хадгалах үйлчилгээг эрхлэхдээ хадгалалтын гэрээний нөхцлийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтооно.

13 дугаар зүйл.Гадаад валютын төлбөр тооцоо

Хэвлэх

Гадаад төлбөр тооцооны болон гадаад валют, түүгээр илэрхийлэгдсэн санхүүгийн хэрэгслийг худалдан авах, худалдахтай холбогдсон банкны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

14 дүгээр зүйл. Үнэт цаас гаргах барьцаанд авах, худалдан авах, худалдах

Хэвлэх

/Энэ зүйлийн нэрэнд 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

1.Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хязгаарын дотор хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах талаархи банкны үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

2.Банк мөнгөний зах зээл дээр арилжаалагдах нэг жил хүртэлх хугацаатай үнэт цаасыг Монголбанкны зөвшөөрлөөр гаргах буюу худалдан авч, худалдаж барьцаанд авч болно.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

15 дугаар зүйл.Банкинд тавих шаардлага

Хэвлэх

1.Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана:

1/заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж,тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;

2/өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх;

3/харилцагч хэд хэдэн банкаар үйлчлүүлэхэд хязгаарлалт тавихгүй байх;

4/харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх. Энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй. /Энэ заалтад 2002 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

5/тухайн банкнаас үзүүлэх үйлчилгээний урьдчилсан нөхцөл болгож өөрийн салбар,төлөөлөгчийн газраар үйлчлүүлэхийг харилцагчид шаардахгүй байх.

2.Банк өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг Монголбанкнаас тогтоосон бүртгэлийн зарчим, жишгийн дагуу харилцагч этгээдэд үнэн зөвөөр гаргаж өгнө.

16 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

Хэвлэх

1.Банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. Мөн 2001 оны 2 дугаар сарын 2, 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар тус тус нэмэлт орсон./

2.Банкнаас гаргах баталгаа, батлан даалтын нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон.Мөн 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

3.Тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээрт холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дээд хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална: /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. Мөн 2001 оны 2 дугаар сарын 2, 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар тус тус нэмэлт орсон./

1/зээл олгоход тавих шаардлага, зээлийн хүү, нөхцөл нь тухайн банкны зээл олгох ердийн шаардлага, хүү,нөхцлөөс хөнгөлөлттэй байж болохгүй;

2/банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийг нь барьцаалан зээл олгохгүй байх;

3/олгосон зээлийн төлөгдөх хугацаа нь 6-аас дээш сараар хэтэрсэн, эсхүл тухайн этгээдэд олгосон зээл, баталгаа, батлан даалтын нийт дүн нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан 5 хувиас хэтэрсэн бол тухайн этгээд банкны удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглох. /Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 20, 2001 оны 2 дугаар сарын 2, 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар тус тус нэмэлт орсон./

4.Банкны худалдан авах үнэт цаасны эзэмшлийн нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дүнгийн 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төвбанкнаас гаргасан аливаа үнэт цаас хамаарахгүй. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон ба 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Банк байгуулах

17 дугаар зүйл.Банк үүсгэн байгуулах

Хэвлэх

1.Төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон олон нийтийн байгууллага, энэрэнгүй үйлсийн сангаас бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болно.

2.Банк байгуулах зөвшөөрлийг гагцхүү Монголбанк олгоно.

3.Гадаад оронд банк, банкны салбар байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

18 дугаар зүйл.Бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

1.Банк үүсгэн байгуулагч дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

1/банк үүсгэн байгуулах зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

2/банк үүсгэн байгуулах гэрээ;

3/банкны дүрэм;

4/банк байгуулах эдийн засгийн үндэслэл;

5/үүсгэн байгуулагч болон тухайн банкны дүрмийн сангийн 1О буюу түүнээс дээш хувийг эзэмших этгээдийн нэр, хаяг, хувь нийлүүлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны сүүлийн 2 жилийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан; /Энэ заалтад 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6/Монголбанкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны удирдлага, боловсон хүчин,техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи тодорхойлолт.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл Монголбанк үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, банкны удирдлагатай холбоотой асуудлаар шүүх, хууль хяналтын байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.

19 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгоход тавих нэмэлт шаардлага

Хэвлэх

1/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, төлөөлөгчийн газраа байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр;

2/банк, санхүүгийн байгууллагыг тухайн орондоо бүртгэгдсэн болохыг нотлох баримт, аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн З жилийн санхүүгийн тайлан; /Энэ заалтад 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/хууль тогтоомжид заасан бусад баримт бичиг.

20 дугаар зүйл.Банк байгуулах зөвшөөрөл олгох

Хэвлэх

1.Банк байгуулах зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараахь шаардлага хангагдсан эсэхийг тогтооно:

1/банкны үйл ажиллагааг тогтвортой,үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний дүрмийн сангаас бүрдсэн өөрийн хөрөнгөтэй эсэх;

2/банкны гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, бусад удирдлагын мэдлэг, боловсрол болон туршлага нь банкны үйл ажиллагааг үр ашигтай, шударгаар явуулахад хангалттай эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 25 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэгт заасан шалгуурыг тус тус хангасан эсэх; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3/тухайн банк байгуулснаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэх.

2.Банк байгуулах зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Монголбанк энэ хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хянасны эцэст хүлээн авна. Хэрэв нэмэлт материал шаардлагатай бол уг нэмэлт материалыг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцно.

3.Монголбанк банк байгуулах зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж, энэ тухай үүсгэн байгуулагчид бичгээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Банк нь банк байгуулах зөвшөөрөл авснаас хойш тухайн зөвшөөрлөөр авсан үйл ажиллагаагаа хэвийн явуулсан тохиолдолд Монголбанк энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу өгч болно. /Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5./Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21 дүгээр зүйл.Зөвшөөрөл олгохоос татгалзах

Хэвлэх

Монголбанк дараахь нөхцөлд банк байгуулах зөвшөөрөл олгохгүй:

1/энэ хуулийн 17, 18, 19, 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

2/банкны дүрэм нь хууль тогтоомжтой зөрчилдсөн;

3/байгуулах банк нь шаардлага хангахуйц хэмжээний дүрмийн санг бүрдүүлэх боломжгүй нь тогтоогдсон болон бүрдүүлсэн баримт бичиг нь хуурамч дүрмийн санг банкны зээлээр бүрдүүлсэн, тухайн банкны удирдлагад ажиллах хүмүүс энэ хуульд заасан шалгуурыг хангаагүй. /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

22 дугаар зүйл.Банкийг бүртгэх

Хэвлэх

1.Энэ хуулийн 17, 18, 19, 2О дугаар зүйлд заасан журмын дагуу Монголбанкны зөвшөөрөл авсан банк улсын бүртгэлд бүртгүүлнэ.

2.Банкны нэгжийг байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авах бөгөөд түүнийг тусгайлан бүртгэхгүйгээр толгойлох банкных нь зөвшөөрөлд тэмдэглэнэ. /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Банкийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай нийтэд мэдээлнэ.

23 дугаар зүйл.Банкны нэр

Хэвлэх

1.Банкны нэр нь түүний оноосон нэр болон "банк" гэсэн үгнээс бүрдэнэ.

2.Банкны бус байгууллага "банк" гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

3.Банкны нэр, байршлыг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

4.Банкны нэгж нь толгойлох банкны оноосон нэрийг хэрэглэнэ. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

24 дүгээр зүйл.Банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

1.Монголбанк банк байгуулах зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгож нийтэд зарлана:

1/банк дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл татан буугдсан тухай эрх бүхий байгууллага /шүүх, Монголбанк, банкны хувь нийлүүлэгчдийн хурал/ зарласан; /Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн, 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиудаар нэмэлт орсон./

2/банк байгуулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь банкийг бүртгүүлснээс хойш нэг жилийн дотор илэрсэн;

3/ /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4/банкийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш нэг жилээс дээш хугацаанд банкны үйл ажиллагаа явуулж эхлээгүй;

5/ /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.Банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно.

3.Банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин зөвшөөрөл хүсэх тухай баримт материалыг нэг жилийн дотор Монголбанк хүлээж авахгүй. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монголбанк банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд энэ талаархи Монголбанкны шийдвэрийг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл 30 хоногийн дотор банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах бөгөөд тухайн хурлаас банкийг татан буулгах тухай шийдвэр гаргана. Банкыг татан буулгах, түүнтэй холбогдон үүсэх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 32, дугаар зүйлд заасныг баримтална. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн, мөн энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар 2 дахь өгүүлбэрийг өөрчлөн найруулсан./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Банкны удирдлага, зохион байгуулалт

25 дугаар зүйл. Банкны удирдлага

Хэвлэх

1.Банкны эрх барих байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна. Нэг хувь нийлүүлэгчтэй банкны хувьд хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хувь нийлүүлэгч өөрөө, төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Банкны хувь нийлүүлэгчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ: /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/банкны дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

2/дүрмийн сангийн бүтэц,хэмжээг өөрчлөх;

3/банкийг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэх;

4/аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, балансыг хэлэлцэж батлах; /Энэ заалтад 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5/төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг сонгох, чөлөөлөх, түүний эрх хэмжээ, хариуцлага, ажлын хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэх;

6/банкны хянан шалгагч / хянан шалгагчдын зөвлөл/ -ийн асуудлыг Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн дагуу зохицуулна. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21, 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан./

3.Банкны төлөөлөн удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/банкны хэтийн чиглэл болон тухайн оны бизнес төлөвлөгөөг батлах;

2/банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц, захиргааны зардлын хэмжээг тогтоох;

3/ /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4/банкны гүйцэтгэх захирлыг Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр томилох, түүнийг ажлаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх, түүний үйл ажиллагаанд хяналт тавих; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5/банкны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээ,хариуцлагыг тогтоох;

6/хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд санал,дүгнэлт гаргах. /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7/дотоод хяналтын алба байгуулах, өөрчлөх. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

4.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журмыг банкны дүрмээр зохицуулна.

5.Банкны хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг энэ хуулийн 251дүгээр зүйл болон Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 43, 44, 45, 47 дугаар зүйлээр зохицуулна. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, мөн 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:

1/зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

2/тухайн банкны хувь нийлүүлэгч; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/ял шийтгэлгүй;

4/ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Банкны гүйцэтгэх захирал дараахь шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөнө:

1/банк, банкны харилцагчийн эрх ашгийг хувийн эрх ашгаасаа илүүд тавьж, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа дайчлах;

2/үүрэг гүйцэтгэх явцад олж авсан банк, банкны харилцагчийн талаархи мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

3/өөрт нь болон өөртэй нь холбогдох этгээдэд тухайн банктай бизнесийн харилцаанд орсон этгээдийн санхүүгийн үр дүнг сонирхох шалтгаан байгаа бол ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж, энэ тухайгаа төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэх;

4/хувийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй байх.

5/банкны гүйцэтгэх захирал хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Банкны гүйцэтгэх захирал дараахь шалгуурыг хангасан байна:

1/банк, санхүүгийн салбарт З-аас доошгүй жил ажилласан, энэ салбарын удирдлага менежментийн ур чадвар, туршлагатай;

2/зээл буюу баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

3/ял шийтгэлгүй. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Банкны гүйцэтгэх захирал нь энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан шалгуурыг хангаагүй буюу шударга бус үйлдэл хийсэн, эсхүл мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагааны үр дүнг нь хангалтгүй гэж үзвэл түүнийг Монголбанкны Ерөнхийлөгч ажлаас нь түдгэлзүүлж, чөлөөлж болно. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

251дүгээр зүйл.Монголбанкны санаачилгаар Банкны хувь нийлүүлэгчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөл хуралдах журам

Хэвлэх

1.Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч буюу эрх хүлээн авагч зарлан хуралдуулна. Хувь нийлүүлэгчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Банкны тухай хуулийн дагуу тухайн банкинд онцгой дэглэм тогтоох болон эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч буюу эрх хүлээн авагчийн санаачилгаар хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Банкны хувь нийлүүлэгчдийн хурлын товыг хурал хуралдахаас 30 хоногийн өмнө зарлах ба онцгой дэглэм тогтоосон, эрх хүлээн авах арга хэмжээ хэрэгжүүлсэн тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурлыг энэ хугацаанаас өмнө зарлан хуралдуулж болно. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Бүрэн эрхт төлөөлөгч болон эрх хүлээн авагчийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.

/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

26 дугаар зүйл.Банкны дүрэм

Хэвлэх

1.Банкны дүрэмд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/банкны оноосон нэр, оршин байгаа газар, хаяг;

2/эрхлэх ажил, үйлчилгээний хүрээ;

3/дүрмийн сангийн хэмжээ;

4/банкны удирдлага,зохион байгуулалтын бүтэц;

5/хувь нийлүүлэгчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах журам; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6/дотоод хяналтын албаны ажиллах журам. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7/банк, банкны ажилтны нэр хүндийг хамгаалах, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон асуудал.

2.Банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр Монголбанкинд мэдэгдэж, бүртгүүлнэ.

3.Дотоод хяналтын алба нь банкны удирдлагаас баталсан бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана. /Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

27 дугаар зүйл.Банкны өөрийн хөрөнгө

Хэвлэх

1.Банк өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийг Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Дүрмийн сан нь банкны хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 1 тэрбум төгрөг байна. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Дүрмийн сангийн хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханш уналт, тухайн банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк нэмэгдүүлэн тогтоож болно. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Банкны бус салбарт хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагч өөрт ногдох ашгаас банкны салбарт хөрөнгө оруулж болно.

4./Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.Банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтийг хангасан боловч ногдол ашиг хуваарилсны дараа эдгээр үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилна. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Банк өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно.

7.Зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк Сангийн яамтай хамтран тогтооно.

Бусад активын эрсдлийн санг байгуулах, зарцуулах журмыг Монголбанк тогтооно. /Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад санг байгуулах журмыг банк өөрөө тогтооно.

9.Банкны хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хөрөнгөө Монголбанкны зөвшөөрлөөр худалдах, өв залгамжлах, бэлэглэх, гэрээслэхээс өөрөөр буцааж авахыг хориглоно.

Хувь нийлүүлэгч нь дүрмийн санд оруулсан хөрөнгөө худалдах, өв залгамжлуулах, бэлэглэх, гэрээслүүлэхээр байгуулсан гэрээ нь хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон бол Монголбанк зохих зөвшөөрлийг олгохгүй байх эрхтэй. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хууль тогтоомж зөрчиж дүрмийн санг бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон бол гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг дүрмийн санд оруулсан хөрөнгөөр барагдуулах, Монголбанкнаас эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд банкны алдагдлыг дүрмийн сангаас хаах нь үүнд тус тус хамаарахгүй. /Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.Банкны хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдлыг нөхнө. /Энэ хэсэгт 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн, мөн 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон./

11.Банкны дүрмийн сангийн бүтэц, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүрд Монголбанкинд мэдэгдэж зөвшөөрөл авна. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Дүрмийн санг нэмэгдүүлэх хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журмыг Монголбанк тогтооно. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

28 дугаар зүйл.Санхүүгийн тайлан

Хэвлэх

1.Банкны санхүүгийн тайлан нь тэнцэл, орлого, зарлагын болон мөнгөн хөрөнгийн хөдлөлийн тайлан, тайлбар, тодруулгаас бүрдэнэ.

2.Банкны санхүүгийн тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна:

1/санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Монголбанкнаас тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн;

2/санхүүгийн тайланг энэ хэсгийн 1-д заасны дагуу үнэн зөв гаргасан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг үйлдэн огноог тэмдэглэж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нар гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарсан;

3.Монголбанкны шаардсанаар банк нь санхүүгийн тайлангаа сар бүр гаргаж өгнө. Банкны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт, нотлох баримтыг Монголбанк шаардах эрхтэй.

/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

281дүгээр зүйл.Банкны санхүүгийн тайланг нийтэд мэдээлэх

Хэвлэх

1.Банк нь энэ хуулийн 28 дугаар зүйлийн шаардлагыг хангасан санхүүгийн тайланг улирал тутам, аудитаар баталгаажуулсан тухайн жилийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлж байна.

2.Монголбанк нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тайлангаас гадна дараахь мэдээллийг бүхэлд нь буюу хэсэгчлэн нийтлэхийг бүх банкнаас, эсвэл тодорхой нэр заасан банкнаас шаардаж болно:

1/банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлын гарын үсгээр баталгаажуулсан ажлын тайлан;

2/банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч, газар, хэлтсийн удирдлага, хяналтын зөвлөлийн талаар; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/хуулийн этгээдийн статус, өмчлөлийн бүтэц бүрэлдэхүүн;

4/санхүү, бүртгэлийн систем, дотоод хяналт;

5/банкны эрсдэлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад мэдээлэл.

3.Монголбанк нь банкнаас нийтэлсэн санхүүгийн тайлан, мэдээлэл нь зохих журмыг баримтлаагүй, буруу, ташаа, алдаатай бол залруулахыг шаардана.

/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

282дугаар зүйл.Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах

Хэвлэх

1.Банк нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2./Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Аудитын байгууллага /аудитор/ нь баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт материалынхаа талаархи дүгнэлтийг тухайн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Хянан шалгагчдын зөвлөлд танилцуулна.

/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

28Здугаар зүйл.Аудитын дүгнэлтийг Монголбанкинд гаргаж өгөх

Хэвлэх

1.Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан тайлангийн талаархи эцсийн дүгнэлтийн эх хувийг тухайн банк болон Монголбанкинд хүргүүлнэ.

2.Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банкны баримт материалд үндэслэн дараахь дүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Монголбанкинд даруй мэдээлнэ:

1/төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа;

2/тус банкны ажилтнууд өөрийн банкны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.

/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

284дүгээр зүйл.Аудитын үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

29 дүгээр зүйл.Татвар төлөх

Хэвлэх

1.Банк зохих хууль тогтоомжийн дагуу татвар төлнө.

2./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

30 дугаар зүйл.Банкийг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах үндсэн нөхцөл

Хэвлэх

1.Банкийг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, Монголбанкны зөвшөөрлөөр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахад дор дурдсан баримт бичгийг Монголбанкинд гаргаж өгнө:

1/банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувь нийлүүлэгчдийн шийдвэр;

2/банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг, тухайн банкнаас үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа,үе шат, хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон шаардлагатай бусад мэдээлэл; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21, 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

3/банкийг өөрчлөн байгуулснаас гарах санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулсны дараа байгуулагдах банкны эхлэлтийн тайлан тэнцэл.

3.Монголбанк банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэж нийтэд мэдээлнэ. Монголбанк холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрийг тооцохдоо энэ хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтална.

4.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, харилцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Монголбанк зөвшөөрөл өгөхөөс татгалзана. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.Банкийг татан буулгах тухай Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу банкийг татан буулгана.

ТАВДУГААР БҮЛЭГ

Банкинд хүлээлгэх албадлагын арга хэмжээ

31 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчсөн банкны талаар авах албадлагын арга хэмжээ

Хэвлэх

Банк хууль тогтоомж болон Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан Монголбанк албадлагын дараахь арга хэмжээ авна:

1/албан бичгээр сануулга өгөх;

2/зөрчлийг арилгах талаар хугацаа тогтоосон даалгавар өгөх;

3/банкны үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, зогсоох;

4/энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан захиргааны шийтгэл ногдуулах; /Энэ заалтад 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5/банкны гүйцэтгэх захирлыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх, цалин хөлс, нөхөн олговор авахыг нь зогсоох;

6/банкны үйл ажиллагааг хянаж, Монголбанкинд илтгэж байх үүрэг бүхий хянагч томилох; /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

7/онцгой дэглэм тогтоох; /Энэ заалтын дугаарыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

8/банкны эрх хүлээн авах; /Энэ заалтын дугаарыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

9/банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгох. /Энэ заалтын дугаарыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Монголбанк тогтооно. /Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

32 дугаар зүйл.Албадлагын арга хэмжээ авах ерөнхий зарчим

Хэвлэх

1.Монголбанк энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу албадлагын арга хэмжээ авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтална.

2.Албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд гомдол гаргаж болно.

3.Албадлагын арга хэмжээ ногдуулсан нь бусад хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагаас банкийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Банкинд онцгой дэглэм тогтоох

33 дугаар зүйл.Онцгой дэглэм тогтоох

Хэвлэх

1.Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан шаардлагыг З сарын хугацаанд хангаагүйгээс төлбөрийн чадваргүй болж болзошгүй нь Монголбанкны хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд Монголбанкны шийдвэрээр тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад арга хэмжээг цогцолбороор нь авч хэрэгжүүлэхийг банкинд онцгой дэглэм тогтоох гэнэ.

2.Онцгой дэглэм тогтоосон банкинд Монголбанк тухайн банкийг удирдах бүрэн эрхт төлөөлөгч буюу бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөл /цаашид "бүрэн эрхт төлөөлөгч" гэх/-ийг нэг жил хүртэл хугацаагаар томилно. Бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.

3.Онцгой дэглэм тогтоож хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг тухайн банк хариуцна.

4.Тухайн банкны хувь нийлүүлэгч онцгой дэглэм тогтоох тухай Монголбанкны шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргасан нь онцгой дэглэм тогтоох шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

34 дүгээр зүйл.Онцгой дэглэм тогтоох шийдвэр

Хэвлэх

1.Монголбанк онцгой дэглэм тогтоох тухай шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

1/банкны нэр, оршин байгаа газар, хаяг;

2/онцгой дэглэм тогтоох болсон үндэслэл;

3/онцгой дэглэм хэрэгжүүлж эхлэх болон түүний үргэлжлэх хугацаа;

4/банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтын жагсаалт;

5/бүрэн эрхт төлөөлөгчийн овог, нэр.

2.Монголбанк онцгой дэглэм тогтоосон тухай шийдвэрээ нийтэд мэдээлнэ.

35 дугаар зүйл.Бүрэн эрхт төлөөлөгч томилох

Хэвлэх

1.Онцгой дэглэм тогтоосон банкийг удирдах бүрэн эрхт төлөөлөгчөөр Монголбанк өөрийн ажилтныг, эсхүл бусад этгээдийг томилж болно.

2.Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна. /Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаандаа хууль тогтоомж болон энэ хуультай нийцүүлэн гаргасан Монголбанкны журам, удирдамжийг баримтална.

4.Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчийг өөрчлөх эрхтэй.

5.Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцна. Банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

36 дугаар зүйл.Онцгой дэглэмийн үед авах арга хэмжээ, бүрэн эрхт төлөөлөгчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Монголбанк онцгой дэглэм тогтоохдоо дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

1/банкны хувь нийлүүлэгчийн эрхийг түдгэлзүүлэх; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, салбар, нэгжийн удирдлагын бүрэн эрхийг түдгэлзүүлэх;

3/тухайн банкны удирдлагын эрх мэдлийг бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлэх. /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4/банкны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг хянаж тохируулах арга хэмжээ авах. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Бүрэн эрхт төлөөлөгч дараахь эрх, үүрэгтэй:

1/тухайн банкны бүх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бие даан шийдвэр гаргах;

2/шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэм тогтоосон хугацаанд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбогдох үүргийг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн биелүүлэхийг түдгэлзүүлэн зогсоох;

3/тухайн банкнаас урьд нь харилцагчтай хийсэн зээл, хадгаламжийн болон бусад гэрээний нөхцөл нь банкны тухайн үеийн ерөнхий нөхцлөөс өөрөөр тогтоогдож, банкны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл уг гэрээнд өөрчлөлт оруулах цуцлах; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

4/банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;

5/банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах;

6/банкнаас ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулах, шаардлагатай ажилтныг түр хугацаагаар авч ажиллуулах.

7/банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх. /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

8/банк өөрчлөн байгуулах. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

3.Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй. Энэхүү шийдвэрийг дагаж мөрдсөнөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ.

4.Онцгой дэглэм тогтоогдсон банкны гүйцэтгэх захирал ажлын тайлан, орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу бүрэн эрхт төлөөлөгчид гаргаж өгнө.

5.Бүрэн эрхт төлөөлөгчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн банкны нэрийн өмнөөс болон тухайн банкны зардлаар хийсэн ажил,гүйлгээг хүчингүйд тооцно.

6.Банкны хэвийн үйл ажиллагаа хангагдсан нөхцөлд Монголбанк онцгой дэглэмийг цуцалж, тухайн банкинд тогтоосон хязгаарлалтыг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно. Онцгой дэглэм тогтоосон үед тухайн банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчинтэй хэвээр үлдэнэ.

7.Банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүнд байгуулагдсан банкны хувь нийлүүлэгчдэд банкны удирдлагын бүрэн эрхийг шилжүүлж өгнө. /Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

361 дүгээр зүйл.Онцгой дэглэмийн үед банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх

Хэвлэх

1.Банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг бүрэн эрхт төлөөлөгчийн саналыг харгалзан Монголбанк батална.

2.Бүрэн эрхт төлөөлөгч нь банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг дараахь байдлаар хэрэгжүүлж болно:

1/активыг бусад этгээдэд худалдах;

2/банкны дүрмийн санг өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх;

3/банк, түүний нэгжийг худалдах;

4/банкийг өөрчлөн байгуулах болон бусад шаардлагатай үйл ажиллагаа.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

ДОЛДУГААР БҮЛЭГ

Банкны эрх хүлээн авах

37 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авах

Хэвлэх

 Монголбанк банк, түүний удирдлагын бүрэн эрх болон банкны өөрийн хөрөнгийг өмчлөх эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн банкинд бүтцийн өөрчлөлт хийх буюу банкийг албадан татан буулгах үйл ажиллагааг банкны эрх хүлээн авах гэнэ.

38 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авах, төлбөрийн чадваргүй болсонд тооцох үндэслэл

Хэвлэх

1.Монголбанк дор дурдсан үндэслэлээр банкинд эрх хүлээн авах арга хэмжээ авч болно:

1/онцгой дэглэм тогтоосноор банкны хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй гэж Монголбанк үзвэл;

2/банк төлбөрийн чадваргүй болсон.

2.Монголбанк дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд банкийг төлбөрийн чадваргүй болсонд тооцно:

1/банк хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон;

2/банкны пассив нь актив хөрөнгөөсөө хэтэрсэн буюу алдагдал нь дүрмийн сан болон бусад сангийн нийлбэрээс хэтэрч өөрийн хөрөнгө алдагдсан.

3.Монголбанк энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тухайн банкинд эрх хүлээн авагчийг томилж банкинд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

381дүгээр зүйл.Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэх

Хэвлэх

1.Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дор дурдсанаар хэрэгжүүлнэ:

1/банкинд бүтцийн өөрчлөлт хийх;

2/банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж энэ хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу банкны актив хөрөнгийг захиран зарцуулах.

2.Банкинд бүтцийн өөрчлөлт хийх нь албадан татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл Монголбанк тухайн банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргаж, төлөвлөгөө батална.

3.Банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанкны шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн тохиолдолд Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

39 дүгээр зүйл.Банкны эрх хүлээн авагч

Хэвлэх

1.Монголбанк дараахь шаардлагыг хангасан өөрийн ажилтан буюу бусад этгээдийг банкны эрх хүлээн авагчаар томилно:

1/банкны үйл ажиллагааны зохих мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвартай;

2/эрүүгийн ял шийтгэлгүй; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/тухайн банкнаас урьд нь авсан зээлийн өргүй;

4/тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтантай холбогдох этгээдийн харилцаагүй; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5/банкны эрх хүлээн авагч нь хуулийн этгээд бол өөрийн үйл ажиллагааг хариуцах хангалттай хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй байх.

2.Банкны эрх хүлээн авагч Монголбанкны өмнө хариуцлага хүлээх бөгөөд шаардлага хангаагүй гэж үзвэл Монголбанк түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж болно.

3.Банкны эрх хүлээн авагчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна.

4.Банкны эрх хүлээн авагч Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, тушаал, зааврыг дагаж мөрдөнө.

40 дүгээр зүйл.Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх хэрэгжих нөхцөл

Хэвлэх

1.Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор: /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/банк, түүний удирдлагын бүрэн эрх болон банкны өөрийн хөрөнгийг өмчлөх эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжинэ;

2/тухайн банк бусад этгээдээс өмч, хөрөнгө, төлбөр хүлээн авах эрхийн хугацаа дуусаж байгаа буюу дуусах хугацаа нь 6 сараас доош хугацаагаар дөхсөн бол банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш уг эрхийг 6 сараар шууд сунгагдсанд тооцно.

2.Банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа хэрэгжих хугацаанд урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу тухайн банкны зээлийн барьцаалсан эд хөрөнгө болон актив хөрөнгийг борлуулснаас орох орлогоос үл маргах журмаар төлбөр гүйцэтгэхийг хориглоно. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

3.Банкнаас хийгдсэн төлбөр, шилжүүлэг нь зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүтэйд үзсэн шинжтэй бол банкны эрхийг хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх З сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал банкны эрхийг хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг дор дурьдсанаас бусад тохиолдолд тус тус хүчингүйд тооцно: /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/холбогдох хадгаламж эзэмшигчид төлсөн төлбөр нь тухайн үед нэг хадгаламж эзэмшигчид төлөхөөр Монголбанкнаас тогтоосон хязгаараас хэтрээгүй;

2/бусдад шилжүүлсэн эд хөрөнгө нь уг эд хөрөнгийн зах зээлийн үнээр төлөгдсөн;

3/банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд олгосон цалин хөлс нь тэдгээрт урьд нь олгож байсан цалин хөлсний ердийн хэмжээнээс хэтрээгүй /шагнал, бусад тусгай нэмэгдэл үүнд хамаарахгүй/ .

41 дүгээр зүйл.Банкны эрх хүлээн авагчийг томилсонтой холбогдуулан шүүхэд хандах

Хэвлэх

1./Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргасан нь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох үндэслэл болохгүй.

3.Шүүх гомдлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

42 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авах ажиллагаа эхэлснийг зарлан мэдэгдэх

Хэвлэх

1.Банкны эрх хүлээн авагч томилогдсоноосоо хойш 24 цагийн дотор удирдлага, хяналт нь түүнд шилжсэн тухай зарлалыг тухайн банк,түүний салбарын байранд гаргаж, харилцагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Банкны эрх хүлээн авагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарлалыг нийтэд мэдээлж, зарлалын хувийг Монголбанкинд хүргүүлнэ.

43 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх

Хэвлэх

Банкны эрх хүлэн авагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/банкны тодорхой үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох;

2/банкны төлөх төлбөрийг зогсоох,төлбөрийн хэмжээг хязгаарлах;

3/хадгаламжийн хүүгийн хувь хэмжээг тухайн үеийн хадгаламжийн хүүгийн доод хувь хэмжээнээс багагүй байхаар өөрчлөн тогтоох;

4/банкны хөрөнгө оруулалт хийхээр байгуулсан гэрээг цуцлах, зээлийн хүү, үйлчилгээний хөлсний хувь хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах;

5/банкны байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах, шаардлагатай ажилтан авч ажиллуулах;

6/шаардлагатай гэж үзсэн мэдээллийг нийтэд мэдээлэх;

7/банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;

8/банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлж оролцох;

9/бусдад олгосон зээл болон зээлийн барьцаалсан эд хөрөнгийг үнэлж худалдан борлуулах; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

10/банкны нэрийн өмнөөс Монголбанкнаас тогтоосон хэмжээг баримтлан төлбөр хийх.

44 дүгээр зүйл.Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээ

Хэвлэх

1.Банкны эрх хүлээн авагч нь удирдлагын бүрэн эрх болон өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа дараахь арга хэмжээ нэн даруй авч хэрэгжүүлнэ:

1/энэ хуулийн 27 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу банкны хувь нийлүүлэгчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр дүрмийн сан, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусгах;

2/банкны нийт актив хөрөнгийн жагсаалт, бүртгэлийг гаргах, активыг хяналтандаа авах;

3/бусдын эзэмшилд байгаа банкны актив хөрөнгийг буцааж авах;

4/хадгалалтын гэрээгээр авсан бусдын үнэт зүйлийг буцааж өгөх;

5/банкинд бүтцийн өөрчлөлт хийх буюу албадан татан буулгах талаархи санал дүгнэлт, төлөвлөгөөг 3 сарын дотор боловсруулж, Монголбанкинд танилцуулах.

2.Банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гарсан тохиолдолд банкны эрх хүлээн авагч нь дараахь арга хэмжээ авна:

1/худалдаж борлуулах актив хөрөнгийн жагсаалт, түүнийг борлуулах үнэлгээг тогтоож, холбогдох этгээдэд мэдээлэх;

2/банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг тогтоож, нийтэд мэдээлэх;

3/нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг хангах хэлбэр, хэмжээ, төлбөрийн хуваарь, дарааллыг тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 2 сарын дотор холбогдох нэхэмжлэгчид мэдэгдэх.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

45 дугаар зүйл. Төлбөр барагдуулах дараалал

Хэвлэх

/Энэ зүйлийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

46 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авагч банкны актив хөрөнгийг захиран зарцуулах

Хэвлэх

1.Банкны эрх хүлээн авагч банкны актив хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон дараахь үйл ажиллагааг томилогдсон өдрөөсөө хойш зохион байгуулна: /Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/гэрээний дагуу тухайн банкны өрийг түүнд ногдох актив хөрөнгийн хамт бүхэлд нь буюу хэсэгчлэн нэг жилд багтаан бусдад шилжүүлэх; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/банкны актив хөрөнгийг 2 жилд багтаан худалдан борлуулах.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд банкны эрх хүлээн авагч нь:

1/банкийг татан буулгасны дараа төлөх боломжтой хэмжээнээс багагүйгээр тооцож банкны өр, хадгаламжийн төлбөрийг бууруулна;

2/банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид өгөх төлбөрөөс тухайн хадгаламж эзэмшигч, харилцагчдаас авах зээлийн төлбөрийг суутгана.

3.Банкны эрх хүлээн авагч банкны актив хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг явуулахдаа хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг бусдаас илүүд үзнэ.

47 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох

Хэвлэх

Банкны эрх хүлээн авагч нь банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн болон нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг гаргаж Монголбанкинд өгнө. Энэхүү тайланг Монголбанк баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцно.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

48 дугаар зүйл.Банкны дампуурлыг зарлах

Хэвлэх

1.Банкны дампуурлыг шүүх зарлана.

2.Шүүх банкны дампуурлыг зарлаж татан буулгах асуудлыг энэ хуулиар тогтоосон зарчмыг үндэслэн дампуурлын тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

НАЙМДУГААР БҮЛЭГ

хариуцлага

49 дүгээр зүйл.Монголбанкны хянан шалгагчаас хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны хянан шалгагч дараахь хариуцлага ногдуулна:

1/банк, банкны салбарыг зөвшөөрөлгүй нээсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж 500000-аас 1000000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/банкны бус байгууллага Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банкны үйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж 250000-аас 500000 хүртэл төгрөгөөр торгох;

3/банкны тухай хууль тогтоомж,тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтныг 50000-аас 100000 хүртэл, банкийг 500000-аас 1000000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

4/хяналт шалгалтад саад учруулсан иргэнийг 10000-аас 25000 хүртэл , ажилтан, албан тушаалтныг 50000-аас 100000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

5/төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан буюу гүйлгээг саатуулсан ажилтан, албан тушаалтныг 50000-аас 100000 хүртэл, банкийг 500000-аас 1000000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

6/тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй буюу энэ хуулийн 281дүгээр зүйлийн дагуу нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол банкийг 1000000 хүртэл төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг 250000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан мөн энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

7/энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол банкийг 500000-аас 1000000 хүртэл төгрөгөөр торгох. /Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8/нийтлүүлсэн тайлан мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол тухайн банк буюу уг тайлан мэдээллийг нийтлүүлэх үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлыг 250000 хүртэл төгрөгөөр торгох. /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

9/энэ хуулийн 71дүгээр зүйлийг зөрчин хуурамч, худал ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол тухайн банкийг 1000000 хүртэл төгрөгөөр, уг зар сурталчилгааг тараах үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлыг 250000 хүртэл төгрөгөөр тус тус торгох. /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

10/энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн банкны олсон орлогыг хурааж, банкийг 1000000 хүртэл төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг 50000- 250000 хүртэл төгрөгөөр, зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд банкны нууцыг задруулсан этгээдийг 250000- 500000 хүртэл төгрөгөөр торгох. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Торгуулийн орлогыг улсын төсөвт оруулна.

3.Банкны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн дагуу нөхөн төлүүлнэ.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийг үндэслэлгүй ногдуулсан гэж үзвэл захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргаж болно.

50 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ