A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БОЛОВСРОЛЫН ТУХАЙ /энэ хуулийг 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

Нэгдүгээр бүлэг

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь боловсролын тогтолцоо, үндсэн зарчим, агуулга, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэдийн сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Боловсролын тухай хууль, тогтоомж

Хэвлэх

1.Боловсролын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Боловсролын зорилго

Хэвлэх

Боловсролын зорилго нь иргэнд эрүүл чийрэг бие бялдар, оюуны зохих чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг, ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж, таашаал олж, бие даан сурч, амьдрах чадвартай болоход нь үйлчлэхэд оршино.

/Энэ зүйлийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4 дүгээр зүйл.Боловсролын үндсэн зарчим, төрийн бодлого

Хэвлэх

1.Боловсролын үндсэн зарчим нь:

1/Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;

2/боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна.

2.Боловсролын талаархи төрийн бодлого нь:

1/боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;

2/Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно;

3/иргэдийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангана;

4/нийгэм, иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг хориглоно;

5/иргэдэд сурч боловсроход нь адил тэгш эрх эдлүүлнэ;

6/өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.

5 дугаар зүйл.Иргэдийн сурч боловсрох үндсэн эрх, үүрэг

Хэвлэх

1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй, буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.

2.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.

6 дугаар зүйл.Боловсролын тогтолцоо

Хэвлэх

1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролоос бүрдэнэ.

2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.

7 дугаар зүйл.Боловсрол эзэмших арга хэлбэр

Хэвлэх

Иргэд боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно. Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно.

8 дугаар зүйл.Боловсролын баримт бичиг

Хэвлэх

1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг нотлох албан ёсны баталгаа мөн.

2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/ -ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, эрх бүхий байгууллага зохих түвшний боловсрол эзэмшсэн иргэдэд ямар арга, хэлбэрээр эзэмшсэнийг харгалзахгүйгээр олгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БОЛОВСРОЛЫН АГУУЛГА, СТАНДАРТ

9 дүгээр зүйл.Боловсролын агуулга

Хэвлэх

Боловсролын агуулга нь суралцагчдын нас бие, сэтгэхүйн онцлог, авьяас сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээнд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

10 дугаар зүйл.Боловсролын агуулгын түвшин, стандарт

Хэвлэх

1.Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг бага болон дунд, дээд боловсролын тухай хуулиар тус тус тодорхойлж, стандартаар нарийвчлан тогтооно.

2.Боловсролын стандарт нь зохих түвшин / бага, дунд, дээд/ -д суралцагчид зайлшгүй эзэмшсэн байх боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын байгууллагад тавигдах үндсэн шаардлагыг тус тус тодорхойлно.

3.Боловсролын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, стандартчлалын төв байгууллага батална. Боловсролын стандартыг боловсруулахдаа мэргэжлийн олон нийтийн байгууллага, шинжээч нарыг оролцуулна.

4.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр боловсролын стандартыг өөрчлөхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА

11 дүгээр зүйл.Боловсролын байгууллагын тогтолцоо

Хэвлэх

1.Боловсролын байгууллагын тогтолцоо нь боловсрол эзэмшүүлэх байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагаас бүрдэнэ.

2.Төрийн өмчийн боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус байгууллага байна.

Төрийн бус өмчийн боловсролын байгууллага нь ашгийн төлөө буюу ашгийн төлөө бус байгууллага байж болно. Ашгийн төлөө боловсролын байгууллага нь татварын албанд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулна. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12 дугаар зүйл.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллага

Хэвлэх

1.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн сургууль байна.

2.Цэцэрлэг нь хүүхдэд бага сургуульд орох хүртэлх насандаа сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд үйлчлэх боловсролын байгууллага мөн. Цэцэрлэг нь ердийн, асрамжийн, сувиллын зэрэг хэв шинжтэй байна.

3.Ерөнхий боловсролын сургууль нь хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшихэд үйлчлэх боловсролын байгууллага мөн. Ерөнхий боловсролын сургууль нь бага, дунд, ахлах гэсэн хэв шинжтэй, ердийн, тусгай, гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалттай байна.

4.Техникийн болон мэргэжлийн сургууль нь суралцагчдад техник, технологи, мэргэжлийн боловсрол эзэмшихэд үйлчлэх боловсролын байгууллага мөн. Техникийн болон мэргэжлийн сургууль нь сургалт-үйлдвэрлэлийн буюу үйлдвэрлэл-сургалтын төв хэлбэртэй байж болно. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

/Энэ зүйлийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13 дугаар зүйл. Дээд боловсролын байгууллага

Хэвлэх

Их сургууль, коллеж нь суралцагчдад дээд боловсрол эзэмшихэд үйлчлэх боловсролын байгууллага мөн бөгөөд эрдэм шинжилгээ-сургалтын, сургалт-эрдэм шинжилгээний, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.

/Энэ зүйлийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14 дүгээр зүйл.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага

Хэвлэх

1.Боловсролын хөгжлийн асуудлаар суурь, хавсарга судалгаа явуулах, бүх шатны сургууль, сургалт явуулж буй бусад байгууллага, иргэдийг судалгаа, шинжилгээний мэдээллээр хангах үүрэг бүхий боловсролын эрдэм шинжилгээний болон арга зүйн байгууллага байна. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, мөн энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

2.Аймаг, нийслэлийн боловсролын төв нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн удирдах ажилтан, багшийн мэргэжил дээшлүүлэх, тэднийг онол, арга зүйн мэдээллээр хангах, судалгаа шинжилгээ эрхлэх, албан бус арга замаар боловсрол, мэргэжил эзэмших, дээшлүүлэхэд нь иргэдэд туслах, бие даан боловсролоо дээшлүүлж байгаа иргэдийг сурах бичиг, гарын авлага, шаардлагатай бусад мэдээллээр хангах үүрэг бүхий эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага мөн. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Боловсролын эрдэм шинжилгээний байгууллага болон аймаг, нийслэлийн боловсролын төв нь түшиц цэцэрлэг, бага, дунд сургуультай байж болно. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн, 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон./

4.Боловсролын эрдэм шинжилгээний байгууллагын дүрмийг Засгийн газар, аймаг, нийслэлийн боловсролын төвийн ажиллах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн, 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон./

15 дугаар зүйл.Боловсрол эзэмшүүлэх бусад байгууллага

Хэвлэх

1.Сургуулиас гадуур сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар түгээмэл хөтөлбөрийн дагуу хүүхэд насанд хүрэгчдэд нийтийн боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэжлээ дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Иргэдэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, дээшлүүлэх мэргэжлийн түр сургалтыг бүх шатны сургууль, бусад аж ахуйн нэгж, байгууллага иргэд эрхэлж болно.

3.Мэргэжлийн түр сургалтаар эзэмшүүлэх мэргэжлийн жагсаалтыг Засгийн газар баталж, түр сургалт зохион байгуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын үйл ажиллагаа тогтвортой эрхлэх бие даасан нэгжийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулан ажиллуулж болно. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Энэ зүйлийн 1, 2, 4-т заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс явуулж байгаа боловсрол, сургалтын ажлыг сургалтын байгууллагын үйл ажиллагаатай адилтгаж үзнэ.

6.Шашны сургуульд суралцагчдад иргэний суурь боловсрол эзэмшүүлэх харилцааг энэ хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар зохицуулна.

16 дугаар зүйл.Боловсролын байгууллага байгуулах

Хэвлэх

1.Боловсролын байгууллагыг зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан нөхцөлд өмчийн аль ч хэлбэрт үндэслэн үүсгэн байгуулж болно. Боловсролын байгууллага байгуулахдаа сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ авна. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Боловсролын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23, 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

17 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох байгууллага

Хэвлэх

1.Их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургууль байгуулахад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; ерөнхий боловсролын сургууль байгуулахад аймаг, нийслэлийн Засаг дарга; цэцэрлэг байгуулахад сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн, 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон./

2.Дээд боловсролын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага олгоно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх

Хэвлэх

1.Боловсролын байгууллага үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1/ /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2/боловсролын байгууллагын дүрэм;

3/сургалтын төлөвлөгөө;

4/ /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5/багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын байдал; /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6/сургалт явуулах барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;

7/санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;

8/ /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9/боловсролын байгууллага байгуулах үндэслэл, тооцооны тухай танилцуулга. /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь үүсгэн байгуулагчийн ирүүлсэн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

3.Үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрөл авснаас хойш 6О хоногийн дотор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичиг болон тусгай зөвшөөрлийг бүртгэх байгууллагад ирүүлнэ.

4.Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан баримт бичиг болон өргөдлийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгосон байгууллага боловсролын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоно. /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.Хэрэв тусгай зөвшөөрөл аваагүй буюу түүнийг энэ хуульд заасан журам зөрчиж авсан, бүртгүүлэхэд шаардагдах бусад баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэх байгууллага улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, баримт бичгийг 30 хоногийн дотор үүсгэн байгуулагчид буцаана.

6.Боловсролын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7.Монгол Улсад гадаадын, гадаадад Монгол улсын боловсролын байгууллага хамтарсан буюу дагнасан хэлбэрээр байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуульд заасан журмын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ. /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8.Боловсролын байгууллага нь үүсгэн байгуулах гэрээ, дүрэмдээ өөрчлөлт оруулсан, дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчлөх бол энэ тухайгаа холбогдох бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэж улсын бүртгэлд бүртгүүлнэ. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Тусгай зөвшөөрөлд сургалтын чиглэл, түвшин, элсэгчдийн боловсролын түвшин, төгсөгчдийн боловсролын зэрэг, багшлах боловсон хүчин, зайлшгүй шаардлагатай ном, сурах бичгийн хангамжид тавих шаардлага, нийт суралцагчдын тоо, тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа зэргийг заана. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

19 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрлийн хугацааг сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд, дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын хугацаатай уялдуулан тогтооно.

2.Тусгай зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлох бөгөөд тухайн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн тоолно.

3.Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 6 сарын өмнө гаргана.

4.Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага түүний хугацааг сунгах эсэхийг магадлан-итгэмжлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

20 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь үндэслэлээр хүчингүй болгоно: /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1/тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон;

2/боловсролын стандартыг зөрчсөн;

3/нийгэм, иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан болох нь тогтоогдсон;

4/улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй буюу үйл ажиллагаа нь З сараас дээш хугацаагаар тасалдсан;

5/ /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6/ /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7/ хуульд заасан бусад үндэслэл. /Энэ заалтын дугаарыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

21 дүгээр зүйл.Боловсролын байгууллагыг татан буулгах

Хэвлэх

1.Боловсролын байгууллагыг дор дурдсан нөхцөлд татан буулгана:

1/үүсгэн байгуулагчийн буюу үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгогдсон этгээдийн шийдвэрээр; /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;

3/татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.

4/хуульд заасан бусад үндэслэл. /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Боловсролын байгууллагыг татан буулгасан тухай шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор тухайн байгууллагын удирдлага бүртгэх байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Тухайн боловсролын байгууллагыг бүртгэх байгууллага улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно.

4.Боловсролын байгууллага татан буугдсантай холбоотойгоор үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэж, суралцагчид учирсан хохирлыг арилгуулна.

22 дугаар зүйл.Боловсролын магадлан-итгэмжлэх байгууллага

Хэвлэх

1.Боловсролын магадлан-итгэмжлэх байгууллага нь дээд боловсролын байгууллагын сургалт, эрдэм шинжилгээний ажилд магадлан шинжилгээ хийж, сургалтыг эрхлэх шаардлага хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй, үйл ажиллагааныхаа орлогоор бүрэн санхүүжиж бие даан ажиллах хуулийн этгээд байна. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Магадлан-итгэмжлэх байгууллагад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон шинжээчид ажиллана. Шинжээчид нь мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дадлага, туршлагатай мэргэшсэн хүмүүс байна. Шинжээчдийг боловсрол, мэргэжлийн олон нийтийн болон төрийн

3.Магадлан-итгэмжлэх байгууллагын дүрэм, магадлан итгэмжлэх ажлын үнэлгээ, шинжээчийг сонгон шалгаруулах болзол, журмыг Засгийн газар тогтооно.

4.Магадлан-итгэмжлэх байгууллага магадлан шинжилгээ хийх ажлыг гэрээний үндсэн дээр явуулах бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол буруу дүгнэлт гаргаснаас учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА

23 дугаар зүйл.Боловсролын удирдлагын тогтолцоо

Хэвлэх

1.Боловсролын удирдлагын тогтолцоо нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, боловсролын байгууллагын болон түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ. /Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын төв нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас боловсролын хэргийг удирдах үйл ажиллагааг онол, арга зүйн судалгаа, шинжилгээний мэдээллээр хангах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

24 дүгээр зүйл.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

1/боловсролын тухай хууль, тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

2/сургуулийн өмнөх насны хүүхэд болон бүх шатны сургуульд суралцагчдыг сургаж хүмүүжүүлэх, иргэдэд боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, мэргэжлийн болон боловсролын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах ажлын оновчтой тогтолцоо бүрдүүлж хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3/иргэдэд албан болон албан бус боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, тэдний боловсрол, мэргэжлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;

4/иргэдийн авьяас, сонирхол, нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн шаардлагад нийцүүлэн боловсролын агуулга, стандарт, удирдлагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтэд хяналт тавих;

5/боловсролын удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлийн үндсэн дээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах; /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6/цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалт бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах; /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7/боловсролын төлөвлөлт, мэдээлэл, санхүүжилтэд мөрдөж буй зарчим, арга барил, журам дүрэм, норм, нормативыг зах зээлийн эдийн засгийн онцлогтой уялдуулан өөрчлөн боловсронгуй болгох;

8/боловсролын стандарт, нормативын хэрэгжилтэд хяналт тавих, тогтоосон журмын дагуу сургалтын байгууллагыг аттестатчилах;

9/хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн улсын чанартай сургууль байгуулах, татан буулгах; /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10/их сургууль, коллеж техникийн болон мэргэжлийн сургуульд сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг зогсоох ажлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

11/төрийнхөөс бусад өмчийн боловсролын байгууллагад хуульд заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

12/боловсролын гадаад харилцааг өргөжүүлж, үр өгөөжийг дээшлүүлэх;

13/гадаадын их сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах; /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

14/удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төрийн өмчийн их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургуулийн захирлыг батламжлах; /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

15/аймаг, нийслэлийн боловсролын төвийг мэргэжлийн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

16/хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

25 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

1/боловсролын хэргийг удирдах асуудлаар тухайн шатны болон доод шатны Засаг даргын тайланг хэлэлцэж, чиглэл өгөх;

2/ /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3/зохих нормативыг үндэслэн боловсролын байгууллагын төсвийг баталж, түүний гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих;

4/олон нийтийн санаачилгаар тухайн нутаг дэвсгэртээ байгуулагдсан боловсрол хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

5/хуульд заасан бусад бүрэн эрх.

26 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

1/боловсролын тухай хууль, тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

2/иргэдэд суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, иргэдэд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;

3/батлагдсан төсвийг хуваарилан олгох, өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдгээрийн хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, мөн энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4/төрийн бус хэлбэрийн боловсролын байгууллагад хууль, тогтоомжид заасан дэмжлэг туслалцаа үзүүлэх; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5/энэ хуульд заасан журмын дагуу боловсролын байгууллагад тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6/багш суралцагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7/боловсролын байгууллагын үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих;

8/боловсролын асуудлаар мэдээ, мэдээллийг хууль, тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;

9/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Аймаг, нийслэлийн засаг захиргааны боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн даргыг томилж, чөлөөлөхөд тухайн Засаг дарга нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөнө. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

27 дугаар зүйл.Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

1/боловсролын тухай хууль, тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

2/хүүхдэд сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэх, иргэдэд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг захиргааны удирдлагаар хангах;

3/цэцэрлэгийн эрхлэгчийг батламжлах; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, мөн энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4/ /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5/энэ хуульд заасан журмын дагуу цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх;

6/орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг тогтоох;

7/батлагдсан төсвийг боловсролын байгууллагад хуваарилан хуульд заасан хугацаанд нь олгох, өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8/төрийн бус хэлбэрийн боловсролын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг туслалцаа үзүүлэх; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

9/багш суралцагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тэдний ажлыг үнэлж дүгнэх, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх, энэ асуудлаар холбогдох байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

10/боловсролын асуудлаар мэдээ, мэдээллийг хууль, тогтоомжид заасан журмын дагуу гаргаж байх;

11/боловсролын хууль тогтоомж зөрчигчдөд хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэх;

12/хуульд заасан бусад бүрэн эрх.

28 дугаар зүйл.Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

1/сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад харьяа айл өрхийнхөө хүүхдийг хамруулах;

2/иргэдийнхээ боловсрол эзэмшсэн байдалд судалгаа хийж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3/суурь боловсрол эзэмшээгүй иргэдэд нөхөн эзэмшүүлэх ажил зохион байгуулах;

4/боловсролын хууль, тогтоомж зөрчигчдөд энэ хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэх.

29 дүгээр зүйл.Боловсролын байгууллагын удирдлага

Хэвлэх

1.Төрийн өмчид үндэслэсэн боловсролын байгууллагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл хуулиар эрх олгосон байгууллагаас батламжилсан захирал, дарга /эрхлэгч/ удирдана. /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Төрийн бус өмчийн боловсролын байгууллагыг Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үүсгэн байгуулагчийн батламжилсан дарга, захирал / эрхлэгч/ удирдана. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нь орон тооны байна. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

30 дугаар зүйл.Боловсролын байгууллагын өөрийн удирдлага

Хэвлэх

1.Бүх шатны боловсролын байгууллага нь удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөл нь сургууль, цэцэрлэг дундын байж болно.

2.Боловсролын байгууллагын удирдах зөвлөлийг үүсгэн байгуулагч, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тухайн сургуулийн багш, суралцагчид, тэдгээрийн эцэг, эх тухайн сургуулийг төгсөгчдийн төлөөлөлтэй байгуулан ажиллуулна.

3.Үүсгэн байгуулагчийн төлөөлөгч удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-ээс 60 хүртэлх хувийг эзэлнэ. Удирдах зөвлөлд ажиллах багш, суралцагчид болон тэдгээрийн эцэг, эхийн төлөөлөгчдийг хамт олны хурлаар сонгоно. Удирдах зөвлөлд ажиллах оюутан, суралцагчийг нэг жилийн хугацаагаар сонгох бөгөөд шаардлагатай гэж үзвэл дахин нэг удаа улируулан сонгож болно.

4.Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг өөрчилж болно.

5.Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн санал болгосноор гишүүд 3 жилийн хугацаагаар сонгох бөгөөд дарга нь хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, өөрөө огцрохыг хүссэн зэрэг үндэслэлээр түүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө өөрчилж болно.

6.Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1/боловсролын болон тэдгээрийн харьяа байгууллагын захирал, дарга, эрхлэгчийг томилж чөлөөлөх; /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу байгууллагынхаа хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрэм, журмыг батлах, өөрчлөх; /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн хэмжээг тогтоох;

4/хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтанд нь хяналт тавих;

5/сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;

6/байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааныхаа тайланг үүсгэн байгуулагч болон төв, орон нутгийн холбогдох байгууллагад жил бүр гаргаж өгөх;

7/ /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд олонхийн саналаар шийдвэр гаргана. Зөвлөл бүрэн эрхийнхээ хугацаанд 5-аас доошгүй удаа хуралдаж, ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу З-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулна.

8.Удирдах зөвлөл өөрийнх нь үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий хороо, комисс зэргийг байгуулан ажиллуулж болно.

9.Үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөл, түүний гишүүнийг хангалтгүй ажилласан гэж үзвэл өөрийн төлөөлөгчөө эгүүлэн татах, бусад гишүүдийн талаар хамт олны хуралд мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч болно.

/Энэ зүйлийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31 дүгээр зүйл.Боловсролын мэргэжлийн хяналт

Хэвлэх

1.Боловсролын мэргэжлийн хяналтыг боловсролын улсын хяналт эрхэлсэн улсын алба, улсын байцаагч, бүх шатны Засаг дарга нар хэрэгжүүлнэ.

2.Боловсролын хяналт эрхэлсэн улсын алба нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тохируулагч агентлагийн статустай ажиллана.

3.Боловсролын хяналт эрхэлсэн улсын алба нь боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, бага, дунд боловсролын стандарт, боловсролын сургалтын ажлын түвшин, түүнтэй холбогдсон норматив, дүрэм, журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавина.

4.Боловсролын улсын хяналтын албанд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.

5.Аймаг, нийслэлийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчтай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

6.Боловсролын улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална.

7.Бүх шатны Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэртээ орших боловсролын байгууллагын захиргааны үйл ажиллагаанд захиргааны хяналт тавина.

/Энэ зүйлийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ТАВДУГААР БҮЛЭГ

БОЛОВСРОЛЫН ЭДИЙН ЗАСАГ

32 дугаар зүйл.Боловсролын төлөвлөлт, мэдээлэл

Хэвлэх

1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагын оролцоотойгоор боловсролын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан төлөвлөгөө, арга зүйг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүрэг боловсролын ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй байна.

3.Цэцэрлэг, сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага тогтоогдсон норм, нормативыг үндэслэн зорилтот төлөвлөгөөтэй ажиллана.

4.Өмчийн аль ч хэлбэрийн боловсролын байгууллага нь хууль, тогтоомжид заасан мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж боловсролын дээд шатны байгууллагад тайлагнана. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

33 дугаар зүйл.Боловсролын санхүүжилт

Хэвлэх

1.Боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагыг хангах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал батална. Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 2О-иос доошгүй хувийг зориулна.

2.Боловсролын байгууллага нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, боловсролын байгууллагын өөрийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна.

3.Боловсролын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилчид, суралцагчдынхаа нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтынх нь дагуу шууд захиран зарцуулах эрхийг

4.Боловсролын байгууллагын өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглоно.

5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын төв нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, судалгааны ажлын төслийн зардлаар санхүүжнэ. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6.Суралцагчдад хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх зорилгоор сургалтын төрийн сан байгуулж ажиллуулна. Энэ сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар тогтооно.

7.Олон нийтийн үүсгэл санаачилгаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт боловсрол хөгжүүлэх сан байгуулж болно. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.Боловсролд зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

9.Боловсролын байгууллага нь үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн болон үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай ашиглах үүрэгтэй. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

34 дүгээр зүйл.Төрөөс боловсролын байгууллагыг санхүүжүүлэх

Хэвлэх

1.Төрийн өмчийн боловсролын байгууллагыг нормативт зардлаар санхүүжүүлэх зарчим баримтлах бөгөөд их сургууль, коллежийн тогтмол зардлыг улсын төвлөрсөн төсвөөс, ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн дунд сургуулийн тогтмол болон дотуур байрны нийт зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн сургуулийн нэг сурагчид ногдох нормативт зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан мөн энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох зардлын норматив болон дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийн зардлын хэмжээг Засгийн газар нийтлэг ба сургуулийн байршил, хэв шинжээр хичээлийн жил бүр тогтооно.

3.Төрийн өмчийн боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь дор дурдсан орлогоос бүрдэнэ:

1/цэцэрлэгт орон нутгийн төсөв, эцэг эх, асран хамгаалагчаас өгөх төлбөр, өөрийн үйл ажиллагааны орлогоос;

2/ерөнхий боловсролын сургуульд орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлогоос; /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/техникийн болон мэргэжлийн дунд сургуульд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлогоос; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/ их сургууль, коллежид улсын төвлөрсөн төсөв, сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөл ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлогоос.

/Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн, 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон./

4.Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан төрийн өмчийн боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрт улсын төвлөрсөн буюу орон нутгийн төсвийн хөрөнгө болон бусад орлогын зохистой харьцааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно. /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

35 дугаар зүйл.Төрийн бус өмчийн хэлбэрийн боловсролын байгууллагын санхүүжилт

Хэвлэх

1.Төрийн бус өмчийн хэлбэрийн боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн аж ахуйн үйл ажиллагааны болон бусад орлогоос бүрдэнэ.

2.Төрийн бус өмчийн хэлбэрийн боловсролын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, тэдгээрийг багшлах боловсон хүчнээр хангахад Засгийн газар тогтоосон журмын дагуу дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

36 дугаар зүйл.Боловсролын материаллаг бааз, нийгмийн баталгаа

Хэвлэх

1.Боловсролын байгууллагын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, модон болон зөөлөн эдлэл нь багш, ажиллагчид, суралцагчдын хөдөлмөрийн онцлогт тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Боловсролын байгууллага өөрийн харьяа хэвлэл, мэдээлэл, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг засварлах, үйлдвэрлэх, хангах зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нэгжтэй байж болно.

4.Цэцэрлэг, сургуулийн барилга, байгууламж, модон болон зөөлөн эдлэл, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хоол хүнсний зүйлийн норм, нормативыг холбогдох хууль, тогтоомж, боловсролын стандартыг үндэслэн боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ.

5.Боловсролын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцан гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Боловсролын байгууллагын барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглана. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7.Багш дор дурдсан баталгаагаар хангагдана:

1/хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийнхээ онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөх төлбөр, тусламж авах;

2/багшийн ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Хөдөлмөрийнх нь онцлогийг харгалзан багшид ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгоно. Хөдөлмөрийн хуульд заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт багшид хамаарахгүй; /Энэ заалтад 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/багшид мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолны, ур чадварын болон бусад нэмэгдэл хөлс олгох;

4/орон сууц барих буюу худалдан авахад хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлэх;

5/25-аас доошгүй жил багшилсан багшид тэтгэвэрт гарахад нь нэг хичээлийн жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгоно;

6/тухайн нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд багшид нэмэгдэл цалин, урамшил, бусад дэмжлэг үзүүлэх;

7/хуульд заасан бусад баталгаа.

8.Суралцагч дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

1/оршин суудаг газраасаа сургуульд тогтмол явах боломжгүй, өнчин буюу амьжиргааны түвшин доогуур суралцагчдыг дотуур байраар хангах;

2/ерөнхий боловсролын бага, дунд сургуулийн дотуур байрны сурагчдыг төсөвт зардалд болон эцэг, эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн орлогод багтаан хоол хүнс, зайлшгүй шаардлагатай ариун цэврийн бараагаар хангах. Өрхийн орлого, амьжиргааны түвшинг харгалзан тухайн сурагчийн дотуур байрны хоолны төлбөрөөс сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хөнгөлөх, чөлөөлөх;

3/сурагчдыг хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтаар сургуульдаа ирэх, гэртээ буцахад эцэг, эх, асран хамгаалагчийн зардал, хүсэлтээр унаагаар үйлчлэх арга хэмжээг сургуулийн захиргаа, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж болно;

4/оршин суудаг газраасаа өөр аймаг, хотод суралцаж байгаа оюутны жилд 2 удаа орон нутагтаа ирж, очих зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөх;

5/нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг тухайн нутгийн захиргааны байгууллагаас тогтоосон журмын дагуу хөнгөлөх, чөлөөлөх;

6/суралцагчдад Засгийн газраас тогтоосон журмын дагуу эмнэлэг, нийтийн хоол, соёл, урлагийн болон ахуйн үйлчилгээгээр үйлчлэх зардлын хөнгөлөлт үзүүлэх;

7/суралцагчдын онцгой авьяас, чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих, өнчин, амьжиргааны түвшин доогуур, бие эрхтний согогтой, оюуны хомсдолтой суралцагчдыг сурах нөхцөл бололцоогоор төрөөс хангах;

8/боловсролын удирдлагын болон багш мэргэжлээр сурч байгаа оюутанд төрийн сургалтын сангаас тэтгэлэг олгох;

9/хуульд заасан бусад баталгаа.

9.Багш, суралцагчдад үзүүлэх нийгмийн халамж, хөнгөлөлт, нөхөх төлбөр, тэтгэлэг, тэтгэмж, шагнал урамшил нь өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш байна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БОЛОВСРОЛЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ

37 дугаар зүйл.Багшийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Багш дор дурдсан эрхтэй:

1/сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангуулах;

2/сургалтын ажилдаа шинжлэх ухааны дэвшилтэд арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын материалыг чөлөөтэй сонгон хэрэглэх; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

3/сургалт-хүмүүжлийн асуудлаар суралцагчид болон тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад шаардлага тавих, зөвлөлгөө өгөх;

4/суралцагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие сэтгэцийн хөгжилтөд тодорхойлолт өгөх;

5/суралцагчдыг сонгон суралцуулах, гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах;

6/судалгаа шинжилгээний ажил хийх, багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7/хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг, эх, асран хамгаалагчдын талаар насанд хүрээгүй суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх;

8/үндсэн ажлын чөлөөт цагаар мэргэжил, сонирхлын дагуу бусад байгууллагад гэрээгээр ажиллах.

2.Багш дор дурдсан үүрэгтэй:

1/багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих;

2/сургалт-хүмүүжлийн ажлыг амьдрал, үйлдвэрлэлтэй уялдуулан шинжлэх ухааны үндэстэй явуулах;

3/онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх;

4/суралцагчдад бие даан боловсрол, мэргэжил эзэмших чадвар олгох, амьдрах арга ухаанд сургах;

5/хариуцсан ангийн суралцагчдын эрүүл мэндэд анхаарал тавих.

38 дугаар зүйл.Суралцагчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Суралцагчид дор дурдсан эрхтэй:

1/суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;

2/сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах;

3/сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;

4/суралцах хугацаа боломжийн талаар санал тавьж, шийдвэрлүүлэх, хэд хэдэн мэргэжил эзэмших;

5/хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх;

6/сургууль төгсөгчид гэрээнд өөрөөр заагаагүй бол эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох.

7/сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих; /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

8/сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж зарим хичээлийг үргэлжлүүлэн үзэхгүй болсон нөхцөлд сургалтын төлбөрийн зөрүүг буцааж авах. /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Суралцагчид дор дурдсан үүрэгтэй:

1/сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;

2/багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих. /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх. /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

39 дүгээр зүйл. Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Эцэг, эх асран хамгаалагч дор дурдсан эрхтэй:

1/хүүхдээ аль сургуульд ямар хэлбэрээр суралцуулахыг сонгох;

2/боловсролын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах;

3/хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, бие, сэтгэцийн талаар сургууль, багшаас гаргасан тодорхойлолттой танилцах.

2.Эцэг эх, асран хамгаалагч дор дурдсан үүрэгтэй:

1/хүүхдийн авьяас, чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, ажил мэргэжлээ сонгоход нь хүүхэддээ туслах;

2/сургалт, хүмүүжлийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль, багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх; /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/хүүхэддээ 17 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх;

4/хүүхдийг гэр бүлийн орчинд сурган хүмүүжүүлэх арга барил эзэмших.

40 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж, байгууллага дор дурдсан эрхтэй:

1/мэргэжилтэн бэлтгүүлэх, ажиллагчдын мэргэшлийг дээшлүүлэх захиалга өгөх, гэрээ байгуулах;

2/гэрээ, захиалгаар суралцагчдын талаар санал гаргах, шаардлага тавих;

3/хууль тогтоомжийн дагуу сургалт зохион байгуулах;

4/боловсролын байгууллагыг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж, ивээн тэтгэснийхээ төлөө зохих хөнгөлөлт эдлэх.

2.Аж ахуйн нэгж, байгууллага дор дурдсан үүрэгтэй:

1/зохих гэрээний дагуу суралцагчдыг хүлээн авч үйлдвэрлэлийн дадлага хийлгэх нөхцөл бололцоогоор хангах;

2/гэрээ, захиалгаар суралцагчдын сургалтын зардлыг төлөх;

3/ажиллагчдын сурч боловсрох, хүүхдээ сургаж хүмүүжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

41 дүгээр зүйл.Боловсролын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Иргэдэд суурь боловсрол олгох ажлыг хангалтгүй зохион байгуулсан, зохих арга хэмжээ аваагүй төрийн захиргааны болон боловсролын байгууллагын гэм буруутай албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

2.Боловсролын тухай хууль, тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

1/энэ хуулийн 8 дугаар зүйлийг зөрчиж боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон, хуурамчаар үйлдсэн, авч ашигласан иргэнийг 10000-25000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-150000 төгрөгөөр торгож, хуурамч баримт бичгийг хураах; /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/энэ хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг 30000-40000 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

3/энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 10000-25000 төгрөгөөр торгох;

4/энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан үүргийг биелүүлэхээс зайлсхийсэн бол 25000-50000 төгрөгөөр торгох;

5/хууль тогтоомжид нийцүүлэн ажил үүргээ гүйцэтгэхэд нь багшид санаатайгаар саад учруулсан, багшийн нэр хүндийг гутаан доромжилсон этгээдийг шүүх 5000-25000 төгрөгөөр торгох;

6/тусгай зөвшөөрөлгүйгээр сургалтын ажил эрхэлсэн бол олсон орлогыг хурааж, сургалтын төлбөрийг суралцагчдад буцаан олгож, иргэнийг 20000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-150000 төгрөгөөр; /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, мөн энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

7/боловсролын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй сургалтын үйл ажиллагаа явуулсан иргэнийг 40000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр торгож олсон орлогыг хураах. /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8/сургалтын үйл ажиллагаанаас өөр төрлийн үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол олсон орлогыг хурааж, сургалтын байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэлийг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, боловсролын хяналтын улсын байцаагч ногдуулна.

42 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1995 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ