A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БНМАУ-ЫН ШҮҮХ, ПРОКУРОР, МӨРДӨН БАЙЦААХ, ХЭРЭГ БҮРТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЖИЛЛАГААНЫ УЛМААС ИРГЭНД УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ, ПРОКУРОР, МӨРДӨН БАЙЦААХ, ХЭРЭГ БҮРТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЖИЛЛАГААНЫ УЛМААС ИРГЭНД УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний хууль ёсны эрхийг баталгаатай хангах, төрөөс иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, социалист хууль ёсыг бэхжүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хохирол арилгуулах эрх

Хэвлэх

Монгол Улсын иргэн нь шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах эрхтэй.

Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан сэргийлэх арга хэмжээ болгон цагдан хорьсон, мөн захиргааны шийтгэлийн журмаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу баривчлах арга хэмжээ оногдуулсныг шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагаа /цаашид хууль зөрчсөн ажиллагаа гэнэ/ гэж үзнэ.

3 дугаар зүйл.Хохирол арилгах үндэслэл

Хэвлэх

Гэмт хэрэг гараагүй, тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн иргэн гэмт хэрэг үйлдсэн буюу захиргааны эрх зүйн зөрчил гаргасан нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн тухайн иргэнийг цагаатгасан нь хохирол арилгах үндэслэл болно.

4 дүгээр зүйл.Хохирлыг улс хариуцах

Хэвлэх

Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан сэргийлэх арга хэмжээ болгон цагдан хорьсон, мөн захиргааны шийтгэлийн журмаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу баривчлах арга хэмжээ оногдуулснаас иргэнд учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын албан тушаалтны гэм бурууг харгалзахгүйгээр улс хариуцан арилгана.

Харин шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын гэм буруутай албан тушаалтанд Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар эрүүгийн, сахилгын, эд материалын болон бусад хариуцлага хүлээлгэнэ. Хэрэв уг ажиллагаа гэмт хэрэг болох нь зохих журмаар тогтоогдвол эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар бүрэн төлүүлнэ.

Шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас улсад учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг холбогдох санхүүгийн болон бусад байгууллага Монгол Улсын Иргэний байцаан шийтгэх хуульд заасан журмаар шүүхэд гаргана.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад тухайн иргэн зориуд худал мэдүүлэг өгөх болон санаатайгаар хуурамч нотлох баримт гаргаж хэргийн бодит үнэнийг тогтооход саад болсноос учирсан хохирлыг арилгахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Иргэнд учирсан хохирлын төрөл, түүнийг арилгах тухай

5 дугаар зүйл.Хохирлын төрөл

Хэвлэх

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, түрүүчийн ажил /албан тушаал/-д нь эргүүлэн тогтоох, ажилласан хугацааг тооцох, тэтгэвэр тэтгэмжийг нөхөн олгох, орон сууц эзэмших эрхийг сэргээх, цол, шагналыг эргүүлж олгох, хууль зөрчсөн ажиллагааны тухай мэдээлэх, үрэгдүүлсэн баримт бичгийг бүрдүүлж өгөх замаар хохирлыг энэ хуулийн дагуу арилгана.

Хууль бус ажиллагааны улмаас учирсан бусад хохирлыг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу арилгана.

6 дугаар зүйл.Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх

Хэвлэх

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан дор дурдсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:

а/иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого;

б/хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас олгохыг зогсоосон тэтгэвэр, тэтгэмж;

в/шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын гаргуулсан буюу битүүмжилсэн эд хөрөнгө;

г/шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, хууль зөрчсөн үйлдлийн улмаас иргэнээр төлүүлсэн шүүхийн зардал болон бусад мөнгө;

д/хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн хөлс.

Энэ зүйлийн а, г, д-д заасан хохирлыг улсын төсвийн хөрөнгөнөөс тухайн орон нутгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн байгууллага нөхөн олгоно. Тэгэхдээ энэ зүйлийн а-д зааснаар нөхөн төлбөл зохих эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоохдоо тухайн иргэн ажил /албан тушаал/-аасаа халагдсанаас хойшхи хугацаанд улс, хоршоолол, олон нийтийн бусад байгууллагад өөр ажил /албан тушаал/ эрхэлж авсан цалин хөлсийг хасаж тооцно.

Хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас олгохыг зогсоосон тэтгэвэр, тэтгэмжийг нийгэм хангамжийн болон холбогдох бусад байгууллага нөхөн олгоно.

Энэ зүйлийн в-д заасан эд хөрөнгийг холбогдох хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын болон шүүхийн байгууллага биет байдлаар нь буцааж олгоно. Хэрэв биет байдлаар нь буцааж олгох боломжгүй болсон байвал анхны тогтоосон үнээр бодож тухайн орон нутгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн байгууллага улсын төсвийн хөрөнгөнөөс олгоно.

7 дугаар зүйл.Ажилд нь эргүүлэн тогтоох

Хэвлэх

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас ажил /албан тушаал/-аасаа халагдсан иргэнийг түүний ажиллаж байсан үйлдвэрийн газар, байгууллага түрүүчийн ажил /албан тушаал/-д нь эргүүлэн авна. Үйлдвэрийн газар, байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр уг ажил /албан тушаал/ нь хадгалагдаагүй бол үйлдвэрийн газар, байгууллага тухайн иргэнийг урьд нь авч байсан дундаж цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил /албан тушаал/-д авна.

Хэрэв тухайн иргэн хууль зөрчсөн ажиллагааны улмаас суралцаж байсан сургуулиасаа хөөгдсөн, завсардсан бол түүний сурч байсан сургууль нь эргүүлж авч суралцуулна.

8 дугаар зүйл.Ажилласан хугацаанд тооцох

Хэвлэх

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас ажил /албан тушаал/-аасаа халагдсан иргэний ажилгүй байсан хугацааг улсад нийт, тасралтгүй болон мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцно. Тухайн иргэний ажиллаж байсан байгууллага хууль зөрчсөн ажиллагааны улмаас ажил /албан тушаал/-аас халсан тухай хөдөлмөрийн дэвтэрт урьд бичсэн бичилтээ хүчингүй болгож залруулна.

9 дүгээр зүйл.Тэтгэвэр, тэтгэмж тогтоох

Хэвлэх

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирсон иргэн тэтгэвэр тогтоолгох үедээ ажиллаагүй, эсхүл ял шийтгүүлэх буюу эрүүгийн хариуцлагад татагдах, захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдах үедээ авч байснаас бага цалин хөлстэй ажил эрхэлж байгаа бол тухайн иргэний ажиллаж байсан буюу байгаа үйлдвэрийн газар, байгууллага тэтгэвэр тогтоох сарын дундаж цалинг энэ хуулийн дагуу нөхөн төлсөн цалин хөлсийг оруулан тодорхойлно.

10 дугаар зүйл.Орон сууц эзэмших эрхийг сэргээх

Хэвлэх

Иргэн хууль бусаар ял шийтгүүлсний улмаас орон сууц эзэмших эрхээ алдсан бол түүнд урьд нь эзэмшиж байсан орон сууцыг орон нутгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа буюу үйлдвэрийн газар, байгууллагын захиргаа буцаан олгоно. Хэрэв уг орон сууцыг буцаан олгох боломжгүй бол урьд эзэмшиж байснаас нь дутуугүй нөхцөл бүхий орон сууцыг дараалал харгалзахгүйгээр олгоно.

11 дүгээр зүйл.Цол, шагнал хассаныг сэргээх

Хэвлэх

Иргэний шагнуулсан хүндэт алдар цол, одон, медаль, Монгол Улсын Засгийн газрын хүндэт жуух бичиг, цэргийн болон бусад тусгай цолыг хууль зөрчсөн ажиллагааны улмаас хассан тохиолдолд уг шагналаар шагнасан байгууллага шүүхийн шийдвэрийг үндэслэн шагналыг буцаан олгох буюу цолыг хассан үеэс сэргээж олгоно.

12 дугаар зүйл.Хууль зөрчсөн ажиллагааны тухай мэдээлэх

Хэвлэх

Таслан шийдвэрлэх цагаатгах тогтоол гарсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллага тухайн иргэний хөдөлмөрийн хамт олонд буюу оршин суугаа газрынх нь төрийн захиргааны байгууллагад энэ тухай 10 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Иргэнийг ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан таслан сэргийлэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, эсхүл захиргааны шийтгэлийн журмаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу баривчлах арга хэмжээ авсан тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа дурдсан ажиллагаа хууль зөрчсөн болох нь нотлогдвол шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллага уг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан 10 хоногийн дотор холбогдох мэдээлэл хийж залруулах үүрэгтэй.

13 дугаар зүйл.Үрэгдүүлсэн баримт бичгийг бүрдүүлж өгөх

Хэвлэх

Хууль зөрчсөн ажиллагааны явцад үрэгдүүлсэн тухайн иргэний паспорт, хөдөлмөрийн дэвтэр болон бусад чухал баримт бичгийг гэм буруутай байгууллага, албан тушаалтан бүрдүүлж өгөх үүрэгтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хохирол арилгуулах гомдлыг хянан шийдвэрлэх тухай

14 дүгээр зүйл.Хохирлыг арилгуулах тухай өргөдөл гаргах

Хэвлэх

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг иргэн өөрөө буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн иргэний хүсэлтээр олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олны итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнчлэн өмгөөлөгч гаргаж болно. Өргөдлийг таслан шийдвэрлэх цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авсны дараа хохирогч оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ ардын шүүхэд, харин шүүхийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг дээд шатны нь шүүхэд гаргана.

Хохирол арилгуулах тухай өргөдөлд шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын ажиллагаа хууль зөрчсөнийг нотолсон тогтоол, магадлал, бусад баримт бичгийг хавсаргасан байвал зохино.

Хохирогч иргэн нас барсан тохиолдолд энэ хуулийн 6 дугаар зүйлийн а, в, г, д-д заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх түүний өв залгамжлагчид, харин б-д заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх түүний гэр бүлийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий хүмүүст тогтоосон журмын дагуу шилжинэ.

Энэ хуулийн дагуу өргөдөл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө.

15 дугаар зүйл.Хохирол арилгуулах тухай өргөдлийг хянан шийдвэрлэх

Хэвлэх

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг шүүх хүлээж авснаас хойш З0 хоногийн дотор Монгол Улсын иргэний байцаан шийтгэх хуульд заасан журмаар өргөдөл гаргагч, зохих байгууллагын төлөөлөгчийг оролцуулан хянан шийдвэрлэнэ.

Өргөдөл гаргагч, холбогдох байгууллагын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй нь өргөдлийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй. Харин шүүх өргөдөл гаргагч, холбогдох байгууллагын төлөөлөгчийг шүүх хуралд заавал оролцуулахаар шийдвэрлэж болно.

Шүүх хуралд хөдөлмөрийн хамт олон, олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулж болно.

16 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр

Хэвлэх

Шүүх шийдвэрээ биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд 10 хоногийн дотор хүргүүлнэ. Шүүх шийдвэртээ түүнийг биелүүлэх байгууллагыг тодорхой заасан байвал зохино.

17 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх

Хэвлэх

Шүүхийн шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг нэн даруй биелүүлж, энэ тухайгаа шийдвэр хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шүүх болон гомдол гаргагчид мэдэгдэнэ.

Хэрэв холбогдох байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол Монгол Улсын Иргэний байцаан шийтгэх хуулийн дагуу албадан биелүүлнэ.

18 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих

Хэвлэх

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл Монгол Улсын Иргэний байцаан шийтгэх хуульд зааснаар өргөдөл гаргагч болон холбогдох үйлдвэрийн газар, байгууллага давж заалдах гомдол гаргах буюу прокурор, дээд шатны шүүх эсэргүүцэл бичиж болно.

Харин прокурорын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай шүүхийн шийдвэрт зөвхөн дээд шатны нь прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА П.ОЧИРБАТ

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ДАШДЭМБЭРЭЛ