A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХОХИРООСОН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ ЖУРМЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 12 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

Энэ хуулийг 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХОХИРООСОН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах эрх

Хэвлэх

Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн бусад актаар олгосон эд хөрөнгө, гэр бүл, орон сууц, хөдөлмөрийн болон амин хувийн бусад эрх нь төрийн захиргааны байгууллага /цаашид "байгууллага" гэх/, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

2 дугаар зүйл.Шүүхэд гомдол гаргах үндэслэл

Хэвлэх

Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн бусад актаар Монгол Улсын иргэнд олгосон эрхээ бүрэн эдлэх боломжийг хууль бусаар хязгаарласан буюу алдагдуулсан, түүнчлэн иргэнд ямар нэг үүрэг хууль бусаар оногдуулсан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг иргэдийн эрхийг хохироосон хууль бус үйл ажиллагаа гэж үзнэ.

3 дугаар зүйл.Шүүхэд гомдол гаргах журам

Хэвлэх

Монгол Улсын иргэн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтны шууд харьяалах төрийн захиргааны дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлнэ.

Төрийн захиргааны дээд шатны байгууллага, албан тушаалтан энэхүү гомдлыг хүлээн авснаас хойш 15 хоног, хэрэв зайлшгүй нэмэлт ажиллагаа шаардагдсан тохиолдолд З0 хоногийн дотор хянан шийдвэрлэж гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.

Төрийн захиргааны дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг Монгол Улсын иргэн зөвшөөрөхгүй бол ардын шүүхэд гомдлоо гаргана.

Гомдлыг иргэн өөрөө буюу түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл тухайн иргэний хүсэлтээр олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олны итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн прокурор гаргаж болно. Гомдлыг холбогдох байгууллагын буюу албан тушаалтны ажилладаг байгууллагын орших нутаг дэвсгэрийн ардын шүүхэд гаргана.

4 дүгээр зүйл.Шүүхэд гомдол гаргах хугацаа

Хэвлэх

Иргэн гомдлоо төрийн захиргааны дээд шатны байгууллага, албан тушаалтан шийдвэрлэж хариу өгснөөс хойш буюу эсхүл тийнхүү шийдвэрлэх хуулийн хугацаа өнгөрснөөс хойш З0 хоногийн дотор шүүхэд гаргана. Энэхүү хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол шүүх сэргээн тогтоож болно.

5 дугаар зүйл.Гомдлыг хянан шийдвэрлэх

Хэвлэх

Шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор энэ хуулийн заалтыг харгалзан Монгол Улсын иргэний байцаан шийтгэх хуулийг баримтлан хянан шийдвэрлэнэ.

Шүүх хуралд гомдол гаргагч болон холбогдох байгууллагын төлөөлөгч, албан тушаалтныг оролцуулна. Хэрэв тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй бол төлөөлөгчдөө ирүүлж болно.

Гомдол гаргагч, холбогдох байгууллага, албан тушаалтны төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй нь гомдлыг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

Харин зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзвэл гомдол гаргагч, холбогдох байгууллагын төлөөлөгч, албан тушаалтныг шүүх хуралд заавал оролцуулахаар шийдвэрлэх эрхтэй.

Шүүхээр гомдлыг хянан шийдвэрлэхэд олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олны төлөөлөгч, түүнчлэн холбогдох байгууллага, албан тушаалтны харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан, тэдний төлөөлөгчид оролцож болно.

Шүүх гомдлыг бүх талаас нь хянан үзэж хууль ёсны бодит үндэслэлтэй шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч, холбогдох байгууллагын төлөөлөгч, албан тушаалтан, тэдгээрийн дээд шатны байгууллага, албан тушаалтны тайлбар, холбогдох баримт бичиг, бусад нотлох баримтыг нарийвчлан судалж, дүгнэлт хийнэ.

6 дугаар зүйл.Байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг түдгэлзүүлэх

Хэвлэх

Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь илт хууль бус байвал шүүх гомдлыг хянан шийдвэрлэхийн өмнө уг үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай магадлал гаргаж болох бөгөөд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.

7 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр, түүнийг биелүүлэх

Хэвлэх

Шүүх гомдлыг шүүх хурлаар хянан хэлэлцээд шийдвэр гаргана. Шүүх холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хууль бус гэж үзвэл иргэний гомдол үндэслэлтэйг заан иргэний эрхийг хохироосон зөрчлийг арилгахыг тэдэнд үүрэг болгосон шийдвэр гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд 7 хоногийн дотор хүргүүлнэ.

Шүүхийн шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг нэн даруй биелүүлж, энэ тухайгаа шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор шүүх болон гомдол гаргагчид мэдэгдэнэ. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтныг шүүх 5ОО хүртэл төгрөгөөр торгож шийдвэр биелүүлэх хугацааг шинээр тогтооно. Хэрэв энэ хугацаанд уг шийдвэрийг биелүүлээгүй бол 1000 хүртэл төгрөгөөр торгож шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авна.

Хэрэв шүүх холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн бусад актын заалтад нийцсэн бөгөөд иргэний эрхийг хохироогоогүй гэж үзвэл гомдлыг хангахаас татгалзах шийдвэр гаргаж гомдол гаргагч, холбогдох байгууллага, албан тушаалтанд 7 хоногийн дотор хүргүүлнэ.

8 дугаар зүйл.Шүүхийн тусгай магадлал

Хэвлэх

Холбогдох байгууллага, албан тушаалтнаас иргэдийн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар тогтоосон журам зөрчсөн, чирэгдэл учруулсан, шүүмжлэлийг хааж боогдуулсан, хяхан хавчсан, хууль ёсыг өөр хэлбэрээр гажуудуулсан нь гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх явцад илэрвэл шүүх түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай тусгай магадлал гаргаж холбогдох байгууллага буюу албан тушаалтныг харьяалах дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Тусгай магадлалыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан түүний дагуу зохих арга хэмжээ авч энэ тухай магадлалыг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.

Хэрэв холбогдох албан тушаалтан буюу бусад хүний үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй байвал шүүх эрүүгийн хэрэг үүсгэх буюу энэ тухай прокурорт мэдэгдэнэ.

9 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих

Хэвлэх

Байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт Монгол Улсын иргэний байцаан шийтгэх хуульд зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичиж болно.

10 дугаар зүйл.Улсын тэмдгийн хураамж, шүүхийн зардал

Хэвлэх

Байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гаргасан иргэний гомдлоос Монгол Улсын Иргэний байцаан шийтгэх хуульд заасан журмаар улсын тэмдгийн хураамж авна.

Гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбогдсон шүүхийн зардлыг хэрэв шүүх гомдлыг хангахаас татгалзвал гомдол гаргагчаас, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хууль бус гэж үзвэл холбогдох байгууллага, албан тушаалтнаас тус тус гаргуулна.

11 дүгээр зүйл.Энэ хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

Монгол Улсын хууль тогтоомжоор гомдол гаргах тусгай харьяалал заасан тохиолдолд болон байгууллага, албан тушаалтны хуульчилсан актад энэ хуульд заасан журмаар гомдол гаргахгүй.

12 дугаар зүйл.Албан тушаалтныг гүтгэх зорилгоор гомдол гаргагчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Шүүхэд гаргасан гомдол нь албан тушаалтныг гүтгэх зорилготой нь тогтоогдвол гэм буруутай этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13 дугаар зүйл. Байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан материалын хохирлыг нөхөн төлүүлэх

Хэвлэх

Байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан материалын хохирлыг Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэний хуульд зааснаар нөхөн төлүүлнэ.

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА П.ОЧИРБАТ

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ДАШДЭМБЭРЭЛ