- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАРААНЫ ТЭМДЭГ, АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРИЙН ТУХАЙ /энэ хуулийг 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

/Энэ хуулийг 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
БАРААНЫ ТЭМДЭГ, АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомж
1.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"Барааны тэмдэг" гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд иргэн өөрийн бараа, үйлчилгээг бусдынхаас ялгах зорилгоор хэрэглэх тодорхой агуулга бүхий үсэг, тоо, дүрс буюу эдгээрийг хосолсон дүрсэн илэрхийллийг;
2/"хамтын тэмдэг" гэж хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу байгуулагдсан, ижил төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдийн нэгдлийн гишүүд тухайн нэгдлийн хяналтын дор зөвхөн нэгдмэл шинж чанартай бараа, үйлчилгээнд ашиглах барааны тэмдгийг;
3/"Барааны гарлын газрын нэр" гэж газар зүйн нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай шууд холбогдсон онцлог шинж чанартай барааг анх үйлдвэрлэсэн улс, хот, суурин газар, нутгийн газар зүйн нэрийг;
4/"Аж ахуйн нэгжийн нэр" гэж зохих журмын дагуу байгуулагдсан хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаа явуулахад ашиглах оноосон нэрийг;
5/"Бүртгүүлсэн тэмдэг, нэр" гэж Оюуны өмчийн газар зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг;
6/"Барааны тэмдэг өмчлөгч" гэж бүртгүүлсэн тэмдгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хуульд заасан журмаар олж авсан зохиогчийг;
7/"Мэдүүлэг" гэж барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгүүлэхийг хүссэн хуулийн этгээд, иргэнээс Оюуны өмчийн газарт гаргаж байгаа өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг;
8/"Шүүлт" гэж тухайн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэртэй ижил төстэй тэмдэг, нэр өмнө нь бүртгүүлсэн, гэрчилгээ олгосон эсэх талаар холбогдох байгууллагын эрх бүхий мэргэжилтний хийх магадлагааг;
9/"Лиценз" гэж барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр эзэмшигч бүртгүүлсэн тэмдэг, нэрийг бусдад ашиглуулахаар Оюуны өмчийн газарт бүртгүүлж өгсөн зөвшөөрлийг;
10/"Анхдагч огноо" гэж энэ хуулийн 7 дугаар зүйлийн дагуу барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлгийг Оюуны өмчийн газарт анх өгсөн он, сар, өдрийг;
11/"Давамгайлах огноо" гэдэгт барааны тэмдгийг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн гишүүн аль нэг оронд бүртгүүлэхээр өгсөн эсхүл конвенцийн 4 дүгээр зүйлд зааснаар давуу эрх авахыг хүссэн он, сар, өдрийг;
12/"Барааны тэмдгийн олон улсын ангилал" гэдэгт 1957 оны Ниццийн хэлэлцээрээр баталсан "Барааны тэмдгийн олон улсын ангилал", 197З оны Венийн хэлэлцээрээр баталсан "Барааны тэмдгийн дүрсийн олон улсын ангилал"-ыг.
4 дүгээр зүйл.Барааны тэмдгээр бүртгүүлэх зүйл, түүнд тавих шаардлага
1.Энэ хуулийн З дугаар зүйлийн 1-д заасан шаардлага хангасан тэмдгийг барааны тэмдгээр бүртгэнэ.
2.Дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:
1/юмс, үзэгдлийг бодитой оршин байгаа байдлаар нь илэрхийлсэн үг, дүрс;
2/нийтэд дэлгэрсэн нэр томъёо, дүрс, геометрийн жирийн дүрс, тоон илэрхийлэл, үл ялгагдах үсэг, тэмдэгт;
3/барааны үндсэн нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс;
4/төөрөгдөлд оруулж болзошгүй буюу худал зүйл;
5/газар зүйн нэр, түүний товчилсон үсэг, газрын зургийг заасан, байрладаг газрыг заасан тэмдгээс бүрдсэн;
6/үл ялгагдах хэлбэрээр илэрхийлэгдсэн хүний нэр;
7/үл ялгагдах ердийн газрыг энгийн аргаар илэрхийлсэн.
3.Дараахь тэмдгийг бүртгэхгүй:
1/Монгол Улсын болон гадаад улсын сүлд, далбаа, олон нийтийн болон олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдэгтэй ижил буюу төсөөтэй бол;
2/нэрд гарсан хүний бүтэн ба товчилсон нэр, хөрөг, зураг, гарын үсгийг тухайн хүн буюу түүний өв залгамжлагчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан бол;
3/Монгол Улсын түүхэн хүмүүсийн нэр, зохиомол нэр, хөрөг зураг, тэдгээрт шууд хамаарах төсөөллийн нэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан бол;
4/Монгол Улсад зохиогчийн эрх, бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалсан үг, дүрсийг зохиогч буюу холбогдох эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан бол;
5/Монгол Улсад бүртгүүлсэн буюу бүртгүүлэхээр мэдүүлсэн нэг төрлийн бараа, үйлчилгээнд хэрэглэх тэмдэгтэй ижил буюу төсөөтэй бол;
6/Монгол Улсад түгээмэл болсон тэмдэгтэй ижил буюу төсөөтэй бол;
7/агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш бол.
4.Барааны гарлын газрын нэрийг зөвхөн хамтын тэмдгээр бүртгэнэ.
5 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн нэр, түүнийг бүртгэхэд тавих шаардлага
1.Аж ахуйн нэгж нь өөрийн оноосон нэртэй байх ба түүнээ ашиглах онцгой эрх эдэлнэ.
2.Аж ахуйн нэгжийн нэр нь тухайн нэрийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосноор хүчин төгөлдөр болно.
3.Аж ахуйн нэгжийн нэрийг дараахь тохиолдолд бүртгэхгүй:
1/өмнө бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн нэртэй давхардсан;
2/аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг илэрхийлсэн;
3/аж ахуйн нэгжийг холбогдох хуулийн дагуу байгуулж, бүртгүүлээгүй;
4/нэрийг тоогоор илэрхийлсэн.
4.Аж ахуйн нэгжийн нэр товч бөгөөд кирилл үсгээр илэрхийлсэн байна. Хэрэв аж ахуйн нэгж хүсвэл өөрийн нэрийн кирилл үсгээр илэрхийлсэн хэлбэрийг латин үсгээр илэрхийлсэн хэлбэрийн хамт бүртгүүлж болно.
5.Аж ахуйн нэгжийн нэрийн хойно аж ахуйн нэгжийн зохион байгуулалтын хэлбэрийг бичсэн байна.
6.Аж ахуйн нэгжийн нэр нь хоёр ба түүнээс дээш холбоо үгээр илэрхийлэгдэх бол дараахь байдлаар бичсэн байх шаардлагатай. Үүнд:
1/хоёр үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёр дахь үг нь гийгүүлэгчээр эхэлсэн бол түүнийг эхний үгийн араас шууд залгаж бичнэ;
2/хоёр үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол түүнийг эхний үгийн араас зураас /-/ зурж томоор эхэлж бичнэ;
3/гурван үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёрдогч үг нь гийгүүлэгчээр эхэлсэн бол нэг, хоёр дахь үгийг шууд залгаж бичих ба гурав дахь үгийг нэг тэмдэгтийн зайтай жижиг үсгээр эхэлж бичнэ.
4/гурван үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол хоёр, гурав дахь үгийг нэг тэмдэгтийн зайтай жижиг үсгээр эхэлж бичнэ.
7.Аж ахуйн нэгжийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, товчилсон утга илэрхийлж, дан үсгээр буюу үеэс бүрдэж болох бөгөөд энэ тохиолдолд бүх үсгийг томоор бичнэ. Үсгүүдийг шууд залгуулж бичих ба хооронд нь тэмдэг бичихгүй.
8.Аж ахуйн нэгж нэрээ бүтэн болон өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой богино хэлбэрийн аль алинаар бүртгүүлж болох ба нэрийн богино хэлбэрийг барааны тэмдгээр ашиглаж болно. Энэ тохиолдолд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн хувьд хуулийн дагуу бүртгүүлсэн байх шаардлагатай.
6 дугаар зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн талаархи Оюуны өмчийн газрын чиг үүрэг
1.Оюуны өмчийн газар нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэхтэй холбогдсон дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлгийг хүлээн авч, хянан шийдвэрлэх;
2/барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэж гэрчилгээ олгох;
3/барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн талаархи маргааныг шүүх шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;
4/хуулиар харьяалуулсан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
5/барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний загварыг тогтоох;
6/барааны тэмдэг, түүнтэй холбоотой гэрээ, аж ахуйн нэгжийн нэрийн улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тэдгээртэй холбоотой мэдээллийг хэвлэн нийтлэх;
7/хуульд заасан үндэслэл, журмын дагуу аж ахуйн нэгжийн нэр, барааны тэмдгийг хүчингүйд тооцох;
8/Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, 1О, 11, 13, 15, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 12-т заасан чиг үүрэг.
2.Оюуны өмчийн газар барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэртэй холбоотой бүтээлийн үнэлгээг зохиогчийн хүсэлтээр тогтоож болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэх, гэрчилгээ олгох
7 дугаар зүйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлэг гаргах
1.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлгийг Оюуны өмчийн газарт гаргана.
2.Барааны тэмдгийн мэдүүлэг нь өргөдөл, барааны тэмдгийн 1О хувь дүрсээс бүрдэнэ.
3.Аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлэг нь өргөдөл, аж ахуйн нэгжийн нэрийн томруулсан бичилт, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас бүрдэнэ.
4.Өргөдөлд мэдүүлэг гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн овог, нэр, хаяг, харьяалал, мэдүүлэг гаргасан он, сар, өдөр, дугаар, мэдүүлэг гаргагчийн эрхэлдэг үйл ажиллагаа, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгүүлэх хүсэлт, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн дүрслэлийг тусгасан байна.
5.Мэдүүлэг гаргагч өнгөтэй болон эзлэхүүний хэлбэр бүхий тэмдэг, хамтын тэмдэг бүртгүүлэх бол энэ тухай өргөдөлдөө мэдэгдэж, уг тэмдгийг хэрэглэх журмын хуулбарыг мэдүүлэгт хавсаргана.
6.Мэдүүлэг гаргагч барааны гарлын газрын нэрийг бүртгүүлэх бол энэ тухай өргөдөлдөө мэдэгдэж, уг нэр нь барааны гарлын газрын нэр мөн болох, мэдүүлэг гаргагч өөрөө уг нэрийг хэрэглэх эрхтэйг нотолсон баримтыг мэдүүлэгт хавсаргана.
7.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр нь кирилл, латинаас өөр үсгийн тэмдгээр илэрхийлэгдсэн бол тухайн тэмдгийг латин үсгийн хэлбэрт оруулан мэдүүлгийн хамт ирүүлнэ.
8.Барааны тэмдгийн мэдүүлэг нь бараа, үйлчилгээний олон улсын нэг буюу хэд хэдэн ангилалд хамаарч болно.
9.Мэдүүлэг гаргагч аж ахуйн нэгжийн нэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө сонгосон нэр нь улсын бүртгэлд өмнө нь бүртгүүлсэн нэртэй давхардсан эсэхийг шалгуулж болно.
10.Аж ахуйн нэгжийн сонгосон нэр нь урьд бүртгүүлсэн, хуулийн этгээдийн нэрээс зөвхөн төрлийн ялгах тэмдэг, тоо, үсэг болон аж ахуйн нэгжийн хэлбэр заасан үгээр ялгагдаж байвал тэрхүү оноосон нэрийг давхардаж байна гэж үзэж бүртгэхгүй.
11.Монгол Улсын Патентийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,7,8 дахь хэсгийн заалт энд мөн хамаарна.
8 дугаар зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлгийн анхдагч огноог тогтоох
1.Оюуны өмчийн газар нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бол мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тооцно.
2.Оюуны өмчийн газар мэдүүлгийг энэ хуулийн 4,5 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл 2 сарын дотор холбогдох нэмэлт, засвар хийхийг мэдэгдэж, мэдүүлэг гаргагчид буцаана. Энэ хугацаанд мэдүүлэг гаргагч нэмэлт, засварыг хийж мэдүүлгийг ирүүлбэл Оюуны өмчийн газар мэдүүлгийг анх хүлээн авсан өдрөөр түүний анхдагч огноог тооцно.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд нэмэлт, засвар хийж мэдүүлгийг ирүүлээгүй бол тухайн мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авсанд тооцохгүй.
4.Барааны тэмдэг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд тухайн барааг дор дурдсан үзэсгэлэнгийн аль нэгэнд тавьснаас хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргасан бол анхдагч огноог барааг үзэсгэлэнд тавьсан өдрөөр тооцно:
1/төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны эрх бүхий байгууллагын зохион байгуулсан үзэсгэлэн;
2/төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр зохион байгуулсан үзэсгэлэн;
3/гадаад оронд зохион байгуулсан үзэсгэлэн;
4/Парисын конвенцийн гишүүн аль нэг орны нутаг дэвсгэр дээр тухайн улсын Засгийн газар болон түүний зөвшөөрлөөр зохион байгуулсан олон улсын үзэсгэлэн.
9 дүгээр зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлэгт шүүлт хийх
1.Оюуны өмчийн газар нь мэдүүлгийг шаардлага хангасан гэж үзвэл тухайн тэмдэг энэ хуулийн дагуу барааны тэмдэг байж болох эсэх, бүртгэж болох эсэх, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэж болох эсэхэд шүүлт хийнэ.
2.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг өөрчлөх болон бараа, үйлчилгээний нэрийн жагсаалтад нэмэлт хийхээс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ хийж болно. Бараа, үйлчилгээний нэрийн жагсаалтад нэмэлт хийх бол шинэ мэдүүлэг гаргана.
3.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч бараа, үйлчилгээний нэгээс дээш ангилалд хамаарах мэдүүлгийг салгаж тус тусад нь гаргаж болно.
4.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч мэдүүлгээсээ татгалзаж болно. Энэ тохиолдолд мэдүүлэг гаргагч тухайн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн талаар дахин мэдүүлэг гаргах эрхгүй болно.
5.Мэдүүлгийг хүчингүй болгосон буюу бүртгэхээс татгалзсан тухай хамгийн сүүлд шинжээч эсхүл шүүх шийдвэр гаргасан бол өмнө нь ийм мэдүүлэг гаргаагүйд тооцно.
6.Оюуны өмчийн газар нь мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 6 сарын дотор шүүлтийн дүгнэлтэд үндэслэн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэх эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж үзвэл Оюуны өмчийн газар энэ хугацааг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
10 дугаар зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэх, гэрчилгээ олгох
1.Оюуны өмчийн газар барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэх шийдвэр гаргавал уг тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг улсын бүртгэлд бүртгэж, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээ олгон, мэдүүлгийг нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн санд хадгална. Оюуны өмчийн газар бүртгэсэн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлгийг гэрчилгээний хүчинтэй байх хугацаа нь дууссанаас хойш 10 жилийн хугацаанд хадгална.
2.Барааны тэмдгийн гэрчилгээнд барааны тэмдэг өмчлөгчийн овог, нэр, хаяг, эрхэлдэг үйл ажиллагаа, барааны тэмдгийн гол шинж, гэрчилгээ олгох тухай шийдвэрийн дугаар, огноо, мэдүүлгийн анхдагч огноо, гэрчилгээ хүчинтэй байх хугацааг зааж тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж, тамга дарна.
3.Аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээнд аж ахуйн нэгжийн нэр, үйл ажиллагааны онцлог, гэрчилгээ олгож байгаа байгууллагын шийдвэр, анхдагч огноо, гэрчилгээ хүчинтэй байх хугацааг зааж, тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж, тамга дарна.
4.Оюуны өмчийн газар, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргавал мэдүүлэг, шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ. Мэдүүлэг гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно.
5.Оюуны өмчийн газар бүртгэсэн тэмдгийн ном зүй, зураг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хэвлэлд нийтэлнэ.
11 дүгээр зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа, түүнийг сунгах
1.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээ нь түүнийг олгосон огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байна.
2.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг эзэмшигчийн өргөдлийг үндэслэн тухай бүр 10 жилээр сунгаж болно.
3.Гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай өргөдлийг тухайн гэрчилгээ хүчинтэй байх сүүлчийн нэг жилд багтаан Оюуны өмчийн газарт гаргана. Өргөдлийг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд гаргаагүй бол гэрчилгээ хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор гаргаж болно.
4.Гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгахад барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтад нэмэлт хийхгүй.
5.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн өмчлөгчийн нэр, хаяг өөрчлөгдвөл ийнхүү өөрчлөлт орсон өдрөөс хойш 6 сарын дотор Оюуны өмчийн газарт бичгээр мэдэгдэнэ. Оюуны өмчийн газар барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа сунгах тухай шийдвэр гаргасан, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай бүр хэвлэлд нийтэлнэ.
12 дугаар зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хураамж
1.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээ олгох, гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгахад Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хувь хэмжээгээр хураамж төлнө.
2.Хураамжийг барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээ олгох, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгах тухай шийдвэр гарсан өдрөөс хойш З сарын дотор төлнө.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр өмчлөгчийн эрх, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах
13 дугаар зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр өмчлөгчийн эрх
1.Бүртгүүлсэн тэмдэг, нэр нь өмчлөгчдөө тухайн тэмдэг, нэрийн хувьд онцгой эрх олгоно.
2.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр өмчлөгч дараахь эрхтэй:
1/өөрийн бараа, үйлчилгээнд бүртгүүлсэн тэмдэг, нэр ашиглах;
2/бүртгүүлсэн тэмдэг, нэрээ өмчлөх / эзэмших, ашиглах, захиран зарцуулах/;
3/бүртгүүлсэн тэмдэг, нэрийг бусдад лицензийн гэрээгээр ашиглуулах;
4/барааны тэмдгийг бусдад шилжүүлэх;
5/бүртгүүлсэн тэмдэг, нэрийн талаар Оюуны өмчийн газраас лавлагаа, нотолгоо гаргуулж авах;
6/бүртгүүлсэн тэмдэг, нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглаж эрхийг нь зөрчсөн бол уг үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах;
7/бүртгүүлсэн тэмдэг, нэртэй ижил төсөөтэй тэмдэг, нэрийг бусад этгээд ашиглахыг зогсоох, учруулсан хохирлыг арилгуулахыг шаардах.
14 дүгээр зүйл.Барааны тэмдгийг ашиглах
1.Дараахь үйлдлийг барааны тэмдэг ашигласан гэж үзнэ:
1/барааны тэмдгийг бараа, түүний сав баглаа, боодол, үйлчилгээнд хэрэглэх;
2/барааны тэмдэг бүхий барааг нийлүүлэх, худалдаанд гаргах буюу энэ зорилгоор хадгалах, үйлчилгээ үзүүлэх;
3/барааны тэмдэг бүхий барааг хилээр гаргах, оруулах;
4/барааны тэмдгийг албан бичиг буюу бусад баримт, сурталчилгаанд ашиглах;
5/барааны тэмдэг эзэмшигч барааны тэмдэг нь бүртгүүлснийг илэрхийлэх дугуй хүрээтэй "R" гэсэн латин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно.
2.Бүртгүүлсэн тэмдэгтэй ижил буюу төсөөтэй тэмдгийг бусад этгээд уг барааны тэмдэг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ижил төрлийн бараа, үйлчилгээнд ашиглавал өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
3.Бүртгүүлсэн тэмдгийг дараахь байдлаар ашиглавал барааны тэмдэг өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй:
1/барааны тэмдгийг өмчлөгч өөрөө эсхүл түүний зөвшөөрөлтэйгээр бусад этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэлбэрээр тус улсад ашиглах;
2/барааны тэмдэг өмчлөгч өөрөө эсхүл түүний зөвшөөрөлтэйгээр бусад этгээд барааны тэмдэг бүхий барааг нэгэнт тус улсын зах зээлд гаргасан бол энэ бараатай холбогдуулж уг тэмдгийг ашиглах.
15 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн нэрийг ашиглах
1.Хуулийн этгээд иргэний гүйлгээнд оролцохдоо аж ахуйн нэгжийн нэрийг бараа, сав, баглаа, сурталчилгаа, танилцуулга, албан ёсны баримт бичиг, маягт, үзэсгэлэн худалдаанд өөрийн барааг үзүүлэн сурталчлахад ашиглана.
2.Аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгээр ашиглаж болно. Аж ахуйн нэгжийн нэр, барааны тэмдэг хоёр хоорондоо зөрчилдөх тохиолдолд барааны тэмдэг нь хүчинтэй байна.
16 дугаар зүйл.Барааны тэмдгийг бусдад шилжүүлэх, барааны тэмдэг өмчлөх эрх дуусгавар болох
1.Барааны тэмдэг өмчлөгч нь өв залгамжлал болон бусад аргаар барааны тэмдэг эзэмших эрхээ бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар бусдад шилжүүлж болно.
2.Барааны тэмдэг эзэмших эрхийг гэрээ байгуулсны үндсэн дээр шилжүүлнэ. Гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд талууд хүсвэл гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.
3.Барааны тэмдэг эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ.
4.Бараа, үйлчилгээний төрөл, үүсвэр, гарал, чанар, зориулалт, бараа үйлдвэрлэсэн газрын нэр, аргын талаар хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж болзошгүй тохиолдолд барааны тэмдэг эзэмших эрхийг шилжүүлж болохгүй.
Барааны тэмдэг өмчлөх эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:
1/хууль буюу гэрээгээр бусдад бүрэн шилжүүлэх;
2/хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ алдах;
3/өмчлөгч нь нас барах, нас барсан гэж зарлагдах;
4/хуулийн этгээд татан буугдах;
5/хуульд заасан бусад үндэслэл.
17 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн нэрийг шилжүүлэх
Аж ахуйн нэгжийн нэрийг ашиглах онцгой эрхийг хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулж, бүхэлд нь бусдын өмчлөлд шилжүүлснээс бусад тохиолдолд бусдад шилжүүлэхийг хориглоно.
18 дугаар зүйл.Лицензийн гэрээ
1.Сонирхогч этгээд барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулан ашиглана. Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурна. Аж ахуйн нэгжийн нэрийг лицензийн гэрээгээр ашиглуулах тохиолдолд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахгүй байх арга хэмжээг талууд урьдчилан тохиролцоно.
2.Лицензийн гэрээнд дараахь зүйлийг харилцан тохиролцож заасан байна:
1/барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ашиглах хэлбэр, хүрээ, хугацаа, холбогдох бараа, үйлчилгээнд тавих чанарын шаардлага, чанарын хяналт;
2/талуудын эрх, үүрэг;
3/барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ашигласны төлөө төлөх төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журам;
4/лицензийн гэрээний үйлчлэх нутаг дэвсгэрийн хүрээ.
3.Лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ.
4.Хамтын тэмдэг, барааны гарлын газрын нэрийг бусдад лицензийн гэрээгээр ашиглуулж болохгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
Бусад зүйл
19 дүгээр зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээг хүчингүй болгох, хүчингүйд тооцох
1.Сонирхогч этгээд энэ хуулийн З дугаар зүйлийн 1, шаардлагатай бол мөн зүйлийн 2 буюу З дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасныг зөрчиж барааны тэмдгийг, энэ хуулийн 5 дугаар зүйлийн З-7 дахь заалтыг зөрчиж аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэсэн гэж үзвэл уг тэмдэг, нэрийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хүсэлтээ шүүхэд гаргаж болно.
2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсгийн 4, 5, 6 дахь заалтыг зөрчиж барааны тэмдгийг бүртгэсэн гэж үзвэл барааны тэмдгийг бүртгэсэн өдрөөс хойш 5 жилийн дотор уг гэрчилгээг хүчингүй болгох тухай сонирхогч этгээд шүүхэд өргөдөл гаргаж болно.
3.Шүүх шалгаж үзээд үндэслэлтэй гэж үзвэл барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж энэ тухай Оюуны өмчийн газарт бичгээр мэдэгдэнэ.
4.Оюуны өмчийн газар дараахь тохиолдолд өмнө бүртгэсэн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээг хүчингүйд тооцно:
1/барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй;
2/энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хураамжийг хугацаанд нь төлөөгүй;
3/барааны тэмдэг өмчлөгч, аж ахуйн нэгжийн нэр эзэмшигч бүртгүүлсэн тэмдэг, нэрээ эзэмших эрхээсээ татгалзсан тухай бичгээр мэдэгдсэн;
4/барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан бөгөөд уг барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг эзэмших эрхийг өөр этгээдэд шилжүүлээгүй буюу лицензийн гэрээгээр ашиглуулаагүй;
5/барааны тэмдэг өмчлөгч, аж ахуйн нэгжийн нэр эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг бүртгэсэн өдрөөс хойш 5, аж ахуйн нэгжийн нэрийг бүртгэсэн өдрөөс хойш З жилийн турш ашиглаагүй.
5.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээг хүчингүйд тооцсон шийдвэрийг эс зөвшөөрвөл сонирхогч этгээд энэ тухай гомдлоо шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй.
6.Сонирхогч этгээд энэ зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалттай холбогдуулан тухайн барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгох тухай өргөдлийг Оюуны өмчийн газарт гаргаж болно.
7.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд Оюуны өмчийн газар барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, энэ тухай хэвлэлд нийтэлнэ.
20 дугаар зүйл.Гомдол, маргааныг шийдвэрлэх
1.Оюуны өмчийн газар нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн талаар гарсан дараахь гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ:
1/барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдүүлэгт шүүлт хийх;
2/анхдагч ба давамгайлах огноо тогтоох талаар;
3/зохиогч байх эрхийн тухай.
2.Оюуны өмчийн газар гомдол, маргааны өргөдлийг хүлээж авснаас хойш нэг сарын дотор шийдвэрлэн хариу мэдэгдэх үүрэгтэй.
3.Маргааныг хянан шийдвэрлэсэн Оюуны өмчийн газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл маргагч талууд шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
4.Оюуны өмчийн газарт хуулиар харьяалуулснаас бусад гомдол, маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэнэ.
21 дүгээр зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөнд хүлээлгэх хариуцлага
1.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчил гаргасан иргэнийг 2000-50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 10000-250000 хүртэл төгрөгөөр тус тус торгож, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласнаас олсон орлогыг барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр өмчлөгчид олгох буюу барааг худалдсанаас олсон орлогыг улсын орлого болгож үйлдвэрлэл, үйлчилгээг зогсооно.
2.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр өмчлөгчийн эрхийг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
22 дугаар зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн тухай хуулийг дагаж мөрдөх
Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль батлахаас өмнө барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэртэй холбогдон гарсан харилцааны тухайд талуудын ашиг сонирхолд хохирол учруулахгүйгээр байвал урьд мөрдөгдөж байсан журмыг шүүх хэрэглэж болно.
23 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хууль 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
